Ц.Элбэгдорж: Х.Баттулга В.Путинтай тийм найз юм бол УБТЗ-ын талыг аваад ир л дээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Ард түмэн надад олон асуулт тавьж байна. Энэ бүхэнд би дахин хариулт өгч, шууд ярилцлага хийж байх болно. Ярих зүйлээ ярьж байх болно оо.

11:55 өчигдөр

БИ ХЭЗЭЭ Ч БУЗАР ГҮТГЭЛЭГТ БУУЖ ӨГӨХГҮЙ

Таны төрсөн гэрийн бууринд хөшөө байдаг уу?

Тэрийг хандиваар, нутгийн хүмүүстэй хамтарч хийсэн юм. Сумандаа орон сууц бариулсан. Би төрсөн сумандаа сайн зүйл хийхийг л боддог. Элбэгдоржийн төрсөн нутаг өнгөтэй өөдтэй байвал сайн биз дээ.

Таныг АТГ-аас дуудсан уу?

Дуудсан бол би яваад л очно.

Таныг уран зургийн маш үнэ цэнэтэй цуглуулгатай гэдэг. Өндөр үнэтэй, ховор зургууд авлигын маш боловсон хэлбэр гэж үздэг шүү дээ?

Би уран зурагт сэтгэл зүрхнээсээ хайртай. 1989 онд би эхнэрийнхээ төрсөн өдрөөр уран зураг бэлэглэж байсан, 30-аад жил уран зураг цуглуулж байсан. Олон ч зурагтай болсон, бүгд Монголдоо байгаа. Би уран зургийн сайхан галерей байгуулах хүсэлтэй, тэр итгэл үнэмшилдээ үнэн байгаа. 20 жилийн өмнө би “100 зураач, 100 зураг” гэж үзэсгэлэн гаргаж байсан. Миний цуглуулга дунд төсвийн мөнгөөр авсан нэг ч зураг байхгүй.

АСЕМ-аар их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан?

Одоо Монголд АСЕМ-ийг Монголд зохион байгуулна гэж 100 жил хөөцөлдөөд ч чадахгүй. АСЕМ-ийг үохион байгуулахад Монголын төсвөөс 22 тэрбум төгрөг төсөвлөснөөс 10 тэрбумыг нь л зарцуулсан. АСЕМ-ийн зардлыг Монголын хувийн хэвшлийнхэн үүрч гарсан, хэвлэл мэдээллийнхэн үүрч гарсан. “АСЕМ сан”-д 500-гаад тэрбум төгрөг үлдсэн. Тэр санд аудит оруулсан. Тэнд үлдсэн 500 тэрбумын 200 саяар нь аудитын байгууллага тавилга авч тавьсан гэж би дуулсан. Би хэзээ ч бузар гүтгэлэгт бууж өгөхгүй.

Х.Баттулгад ажлаа өгөөд гарахдаа “Хоёулаа олон уулзаад яах вэ. 11 сард чи Ерөнхийлөгчийн ажлаа ерөнхийд нь мэдэрнэ. Тэгвэл чи намайг дуудаарай” гэж хэлсэн. Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа хийж байсан, хэлэх ярих зүйл бий. Би уулзалт хийх нэг, хоёр санал тавьсан. Чимээгүй л байгаа. Элбэгдоржтой уулзаж, гар баривал муухай харагдана гэж бодоод байгаа юм байлгүй. Ер нь бол Баттулга Ерөнхийлөгч болсон нь зөв. Хэн Ерөнхийлөгч болж болох, хэн болохгүйг ойлгуулж байна. Дахин Ерөнхийлөгчөөр сонговол бүр сайн. Тэр хэрээр ард түмэнд танигдана.

11:15 өчигдөр

“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд гэдэг хүн Таныг гэртээ хэд хонуулсан гэсэн. Та тийм хэцүү байдалд орсон юм уу?

Ганболд гэж айл байгаа байх. Би тэр хүний гэр, зочид буудалд нэг хонож үзээгүй. Корпорэйт гэж зочид буудалд нь нэг саун байдаг юм, би саунд орох дуртай, саунд нь орж байсан. тэрийг л хэлсэн байх.

Та одоо улстөрийн харьяалалгүй. Ажилгүй, цалингүй гэж үзэж байна?

Надад хуулийн дагуу цуглуулсан тодорхой хэмжээний хөрөнгө бий. Шалга, тэндээс хууль бус зүйл огт олдохгүй. Би төрд чаддаг зүйлээрээ тусалъя гэж бодож байна. Ерөнхийлөгч байхдаа Монголын улс төр, улс төрийн намын системийг бүхэлд нь өөрчилье гэсэн хуулийн төсөл санаачилсан. УИХ-аар хэлэлцээгүй. Шилэн дансны хуулиа дахин чамбайруулъя гэж бодож байгаа.

Би ажлаа өгөхдөө Х.Баттулгад захиа үлдээгээд гарсан.

11:05 өчигдөр

“ЭРДЭНЭТ”-ИЙН 49 ХУВИЙГ МОНГОЛД ОРЖ ИРСНИЙГ Л БИ ДЭМЖСЭН

Эрдэнэтийн 49 хувь гэж дотроо, тогоондоо ороод ирсэн юмыг магадгүй гадагш нь гаргах гэж байна. Би гадагш нь гаргуулахгүй төлөө тэмцэнэ. 49 хувийг Монголд орж ирснийг л би дэмжсэн, тэрнээс би 49 хувьд ямар ч хамааралгүй.

Х.Баттулга Ц.Нямдорж хоёрын эв нэгдлийн баталгаа нь Элбэгдорж шүү дээ. ШХАБ дээр Монгнол Улс боломжоо тултал ашигласан. ШХАБ руу орно гэж гүйж байхаар гурван улсын хэлэлцээрээ л ашиглах хэрэгтэй. 1990 онд оросууд та нар төмөр замаа өөрөө аваад яв гэж байсан. Тэр үед монголчууд “Орос ах наргүйгээр бид яах вэ?” гээд хийгээгүй. Баттулга Путинтай тийм найз юм бол Төмөр замын 50 хувийг аваад ир л дээ.

11:00 өчигдөр

М.Энхболдтой би ямар нэг байдлаар хамгийн бага холбоотой хүн. Х.Баттулгын ойлгодог шударга ёс бол миний ойлгодог шударга ёс биш. Баттулга бол өөрөө Тавантолгойн төсөлд орсон бол шударга ёс гэж үздэг. Надад татвар төлдөггүй бол шударга бус гэж үздэг хүн.

Н.Энхбаяр Ерөнхийлөгч албан тушаалаа өгсний дараа Таныг буруутгаж байсан. Та одоо Баттулга Ерөнхийлөгчийг буруутгаж байна. Энэ нь Ерөнхийлөгч болсон хүмүүсийн хувь тавилан юм уу?

Би өөртөө итгэлтэй байна, эд нар шорондоо хийнэ үү яана. Надаас юу ч олж чадахгүй ээ. Би найман хүүхэдтэй малчин айлын хүүхэд. Миний зорилго, хүмүүжил өөр. Би ардчиллын төлөө 100 мянган хүнтэй жагсаж явсан. Би албан тушаал аваад өөрчлөгдөөгүй.

Ерөнхийлөгч Х.Баттулга Та хоёр нэг үе найз нөхөр байсан гэдэг. Яагаад ийм муу болчихов?

Хувь хүний хувьд Баттулга бид хоёр амин найз гэж хэлж болно. 2004 онд УИХ-д нэр дэвшсэн, тэр үед АН-аас анх мандат олдохгүй байхад нь нэр дэвших боломж олгож байлаа.

Таван жилийн өмнө би Баттулгыг дуудаж уулзаад, “Чи улс төрөөс гар, ерөөсөө бизнесээ хийгээд яв. Чи бол олон бизнестэй хүн. тэр хүн халаасандаа гараа хийгээд, төрөөс ямар байдлаар мөнгө идэж болох вэ гэдэгт л анхаардаг хүн. Төрийн ажил ийм байдлаар явахгүй, чиний арга барилаар төрийн ажил явахгүй” гэж хэлж байсан. Хэрэв Баттулга сайн ажил хийвэл би Ерөнхийлөгч гэж хэлнэ. Харин муу зүйл хийвэл “Баттулга аа” гэж ярих болно. Баттулга Ерөнхийлөгч болоод юу ч хийсэнгүй. Амласан амлалтаа л биелүүлж. Ард түмний өр зээл хөнгөрсөн үү? Би Баттулгын өр зээл хөнгөрсөн гэж л харж байгаа.

10:47 өчигдөр

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сэтгүүлчдийн асуултад хариулт өгч байна.

Нохой жилийн сүүлийн улс төрийн үйл явц ардчиллын институцийн байр суурийг ганхуулж байна гэж дүгнэх хүн байна. Та үүнтэй санал нэгдэх үү?

Нэгдэхгүй байна. Монголчууд өнгөрсөн 30-аад жилд хангалттай хэрсүү болсон. өнөөдрийн улстөрийн нөхцөл байдал өнөөдрөөс илүү муудаад 1990 оны өмнөх рүү эргэн орох үйл явц хэзээ ч болохгүй. Бүр өнөөдрөөс дээрдээд, Европын зарим орны хэмжээнд очон гэж хэзээ ч байхгүй. Энэ бол маш удаан явцтай.

Тавантолгойтой холбоотой асуудлаар Элбэгдоржийг шалгуулахаар Ерөнхийлөгч Х.Баттулга 178 хуудас материал өгсөн. Үүнд Та ямар хариулт өгөх вэ?

Баттулга аа, тэр 178 хуудас материалаа нээлттэй болго. өөр юу байгаа юм. Надад ард түмнээс нуух юм байхгүй. Баттулга бол зүгээр л архаг хулгайчийн зан гарч байгаа. Баттулга бол Тавантолгой, төмөр замтай холбоотой асуудлаа Элбэгдоржид үүрүүлье гэж байгаа. Баттулга Эрдэнэтийн 49 хувь, АСЕМ-тай холбоотой мөнгө төгрөг идсэн уусан гэх асуудалд огт холбоогүйг сайн мэдэж байгаа. Тэр бүх хулгайтай холбогдох зүйл гараагүй учир өөрийнхөө хэргийг Элбэгдоржид үүрүүлэхээр сэдсэн хэрэг. Энэ бол хулгай зохион байгуулж сурсан хүний арга. 1990-ээд оны үед спирт оруулж ирээд талх шиг зарж байсан. Одоо Баттулга Монголд хамгийн ашигтай байгаа алтны ордуудыг гартаа оруулахын төлөө явж байгаа. Би тэгж харж, хардаж байна.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛЬ САНААЧЛАХ ЭРХИЙГ БАГАСГАХ ХЭРЭГТЭЙ

Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал Та Ерөнхийлөгчийн институцтэй холбоотой ямар өөрчлөлтүүд хийж болох вэ?

Ерөнхийлөгчийн эрх хэмжээг хуулиар багасгаж өгч болно. Ерөнхийлөгч бол ҮАБЗ, батлан хамгаалах, хууль шүүхийн чиглэл, Монголын уламлал, ёс заншлын чиглэлээр хууль санаачлах эрхтэй. Нийгэм, эдийн засаг, санхүүтэй холбоотой бүх асуудал Засгийн газарт хамаатай. Ерөнхийлөгчийн орж болохгүй хил хязгаарыг нарийн тогтоож өгвөл болчихно гэж боддог.

Би өөртөө итгэлтэй байна. Би хэзээ ч Монголын ард түмний эрх ашгийн эсрэг зүйл санаж байгаагүй. Дорлигжав, Сайханбилэг нарын хүмүүс өөрийнхөө итгэл үнэмшлээр надтай ажиллаж байсан. Баттулгад өнөөдөр зовлон байгаа, ямар зовлон гээч хүний нөөц байхгүй, хулгайчийн нөөц л байгаа. Би тэр Алтан Дорнод Монголын Ганболд гэж нөхрийн нэг зүйлд нь Баттулга очоод дарсан байгаа. Нэг бол тэр хүн өөрөө Баттулга руу гүйж очсон.

Таны Ерөнхийлөгч байхад Монголд олон генерал төрсөн. Б.Хурц гэх мэтээр Та энэ хүмүүст ямар үндэслэлээр цол өгсөн бэ?

Би Монгол Улсын хуулийн дагуу ажилласан, Үндсэн хуульд Ерөнхийлөгч Генерал цол өгнө гэж заасан байгаа. Б.Хурц юуны төлөө явсан юм, та нар түүхийг нь мэднэ шүү дээ. Тэр үед Н.Энхбаяр Ерөнхийлөгч, Н.Багабанди Ерөнхийлөгч байсан. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь үүрэг өгдөг, Хурц үүрэг биелүүлдэг хүн л байсан шүү дээ. Нэг зүйл л хэлье, би ажилдаа эзэн эзэн болдог хүнийг л албан тушаалд томилсон, шагнасан. Б.Хурц хийсэн ажилдаа эзэн болдог хүн. Дээр нь Хурц улстөрчдийн муу булхайг мэддэг хүн, тиймээс зарим улстөрчид энэ хүнээс эмээдэг.

ШХАБ-д элсвэл Монголд ямар хохиролтой вэ?

Эхлээд гар барина. Гар бариад бугуй барина. Бугуй бариад тэвэрнэ. Тэр тэврэлтээс Монгол хэзээ ч гарч чадахгүй. Энэ бол Шанхайн ломбард. Боль оо, Баттулга аа, Чи Шанхайн ломбарданд Монголыг тавьж болохгүй.

Д.ДОРЛИГЖАВЫГ ХОРЬЖ, ДАРАМТАЛЖ БАЙГААГИЙН АРД Х.БАТТУЛГА БАЙГАА

Д.Дорлигжавыг хорьж, дарамталж байгаагийн ард Баттулга байгаа. Т.Ганболдын алт, хэл амьтай асуудал дээр тэр Баттулга очоод дарсан байна. Яг тэр хийж байгаа зүйлээ өнөөдөр Дорлигжавт үүрүүлж байна. Дорлигжавыг Ганболдтой нь хамт суулгаж байгаад “Цензургүй яриа”-гаар яриул л даа. Үнэхээр тийм аймшигтай зүйл байгаа бол УИХ дээр нээлттэй сонсгол явуул. Нээлттэй сонсгол дээрээ намайг, Дорлигжавыг дуудчих. Дарамтлуулсан гэж байгаа нөгөө талын хүмүүсийг дууд. Тавантолгойн төслийг зогсоосны төлөө 1000-аад аж ахуйн нэгж хохирсон. Зарим нь амиа хорлосон. Тэр амиа хорлосон хүмүүсийн ар гэрийнхнийг оруул л даа. Тэнд чинь түмэн хүн ажиллаж байсан шүү дээ.

source: gogo.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *