С.Чинзориг: Энэ онд автомашины засварын чиглэлээр Вьетнамаас ажиллах хүч авахгүй

Аймаг, нийслэл, төрийн байгууллагын ҮЭ-ийн холбоодын удирдлагууд өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон ХНХ-ын сайд С.Чинзориг нартай Төрийн ордонд уулзаж, санал солилцсон билээ.

Энэ үеэр ХНХ-ын сайд С.Чинзоригоос ядуурлыг бууруулахтай холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тодруулснаа хүргэж байна.

Тэрбээр “2016 онд хийсэн судалгаагаар хүн амын 29 хувь нь ядуу байна гэсэн дүн гарсан юм билээ. Түүнээс хойш хүн амын ядуурлын судалгаа шинэчлэгдэж гараагүй байна. Энэ хугацаанд тодорхой хэмжээгээр төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэж байгаа.

Мөн МСҮТ-д суралцдаг хүүхдүүдэд 100 мянган төгрөгийн тэтгэмж олгож байгаа гэхчлэн нийгмийн хамгааллын олон аргыг хэрэгжүүлж байгаа.

2018 онд нийгмийн хамгааллын чиглэлд 450 тэрбум төгрөг улсын төсөвт тусгасан байсан. 2019 оны улсын төсөвт иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор 470 орчим тэрбум төгрөг улсын төсөвт тусгасан. Дунджаар 450-иад тэрбум төгрөг иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх чиглэлд тусгагдаж байгаа учраас ядуурлын хэмжээг бууруулахад нөлөөлж байгаа гэж үзэж байгаа.

Ядуурлыг бууруулах хамгийн гол арга бол ажлын байрыг нэмэгдүүлэх юм. ХНХЯ-наас баримталж байгаа нэг бодлого бол хөдөлмөрийн зах зээл дээрх ажлын байрыг дотоодын хөдөлмөрийн нөөцөөсөө хангах. Өнгөрсөн жил ХНХ-ын сайдын тушаал гаргаж гадаадаас авч буй ажиллагсдын тоог 2018 онд 30 хувиар, 2019 онд 20 хувиар бууруулах зорилт дэвшүүлсэн. Үүний үр дүнд гадаадаас авч байгаа ажилчдын тоо буурч байгаа. Нөгөө талдаа дотоодын хөдөлмөрийн нөөцөө ажлын байраар хангаж байна.

2018 онд гадаадаас авсан ажилчдын тоог 2016 онтой харьцуулахад 40 хувиар буурсан байсан. Энэ жил дахин 20 хувиар бууруулах зорилт дэвшүүлж байгаа.

Бид зарим мэргэжлийг дотооддоо бэлдэж, ур чадвар эзэмшүүлж чадаж байгаа. Тиймээс тухайн мэргэжлээр гадаадаас ажиллах хүч авахгүй гэдгээ тодорхой зарлаж байгаа.

Тухайлбал, автомашины засварын чиглэлээр гаднаас ажилтан аваад байх шаардлагагүй. Тийм учраас 2019 онд автомашины засварын чиглэлээр Вьетнамаас ажиллах хүч авахгүй гэдгээ тодорхой зарлаж байна” гэлээ.

source: ikon.mn

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *