ОХУ-ын Алина Загитова анх удаагаа Дэлхийн аварга боллоо

Японы Сайтамад болж байгаа 2019 оны Уран Гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт үзүүлбэрийн төрөлд ОХУ-ын залуу од Алина Загитова түрүүлж, анхны насанд хүрэгчдийн дэлхийн аваргын алтан медалиа зүүлээ.

Тэрээр Баасан гарагийн үдэш Жорж Бизегийн “Кармен” дуурийн хөгжимтэй төгс үзүүлбэрээрээ үзэгчдийг байлдан дагуулж, шүүгчдээс 237.50 оноо авсан нь өрсөлдөгчдөөсөө 12 гаруй оноогоор илүүрхсэн хэрэг байлаа.

Мөнгөн медаль зүүсэн Казахстаны Елизабет Турсынбаева 224.76 оноо авсан бол хүрэл медаль зүүсэн дэлхийн хоёр удаагийн аварга Оросын Евгения Медведева 223.80 оноо авсан юм.

Одоо 16 настай Загитова 2018 оны Пёньчаны Өвлийн олимпийн наадмаас алтан медаль, мөн оны Европын болон ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнүүдээс алтан медаль зүүгээд байв.

Харин 2018 онд Италид болсон Уран Гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тавдугаар байр эзэлж, тааруухан амжилт үзүүлээд байсан юм.

Тэгвэл өчигдөр энэ дутуугаа нөхөж, алтан медаль зүүсэн байна.

Загитоваг түрүүлсний дараа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин түүнтэй шууд утсаар холбогдож баяр хүргэсэн тухай Кремлийн вэбсайтад мэдээлжээ.

“Та гоо үзэсгэлэнтэйгээр, техниктэйгээр, итгэлтэйгээр түрүүллээ. Олон сая хөгжөөн дэмжигчид, үзэгчдийг гайхамшигт ур чадвараараа байлдан дагууллаа. Ийм амжилт манай улсын спортын нэр хүндийг өндөр өргөж байна. Баяр хүргэе!” гэж Путин Загитовад хэлсэн байна.

Алина Загитовагийн алтан медаль хүртсэн үзүүлбэр:

 

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *