Хорих 461-р ангид амиа алдсан гавъяат хуульч Л.Бямбаагийн шинжилгээний хариу гарчээ

-ГЭРЭЭСЛЭЛ ҮЛДЭЭХДЭЭ ГАРАА ЗҮССЭНЭЭС ӨӨР ШАРХГҮЙ ГЭЖЭЭ-

Энэ сарын 15-ны өдөр ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид цагдан хоригдож байхдаа амиа алдсан гавъяат хуульч Л.Бямбаагийн задлан шинжилгээний албан ёсны хариу гарчээ.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр талийгаачийн гарын хуруунд гадны нөлөөтэй шарх үүссэнээс өөр ил харагдах гэмтэл, бэртэлгүй гэжээ. Харин гарт үүссэн гэх сорви нь талийгаачийг нас барахаас өмнө өөрийнхөө дотуур хувцасны төмрөөр хуруугаа хатгаж, цусаа бэх болгон ашиглаж гэрээслэл үлдээсэн байсан. Ийнхүү гэрээслэл бичихдээ хуруугаа зүссэнээс өөр ямар нэгэн шархгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Талийгаач өөрийнхөө хурууг зүсэж цусаараа гурван ширхэг гэрээслэл бичиж үлдээсэн талаар бид өмнө нь мэдээлж байв.

Талийгаач Л.Бямбаагийн үлдээсэн гурван гэрээслэлийг шинжилгээнд хамруулж байгаа гэх ба урьдчилсан байдлаар түүний гарын хэвтэй таарсан ч эцсийн байдлаар шинжилгээний хариу гараагүй байгаа гэв.

Хэрийг тодруубал, хоёрдугаар сарын 20-ны өдөр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах албанаас Салхитын мөнгөний ордын эзэмшигч нартай холбоотой хэргээр гавьяат хуульч, Л.Бямбааг баривчлан 48 цаг саатуулсан байдаг.

Баривчилгаа явуулахын өмнө АТГ-ын мөрдөгчид талийгаачийн зуслангийн байр, гэр болон түүний ажлын байр болох “Консент” хуулийн фирмийн оффист нэгжлэг явуулж, хэрэгт холбоотой нотлох баримтуудыг хураан авсан байна. Нэгжлэг явуулж байх үеэр Салхитын мөнгөний ордтой холбоотой ноцтой баримт илэрсэн учраас талийгаач Л.Бямбааг эрүүгийн хоёр хэрэгт холбогдуулан, яллагдагчаар татсан аж. Улмаар талийгаач Л. Бямбаа ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид цагдан хоригдсон бөгөөд суллагдахынхаа нэг цагийн өмнө амь насаа алдсан юм.

source: medee.mn

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *