Ардчилсан нам ШХАБ-д элсэхийг эсэргүүцэж, жагсана

Ардчилсан намаас өнөөдөр /2019.03.25/ дөрөвдүгээр сарын 5-нд буюу хаврын чуулган нээлтээ хийх өдөр Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулахаар болсон талаараа мэдээллээ. Хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан болон нарийн бичгийн дарга О.Магнай нар оролцлоо.

Энэ удаагийн жагсаалын гол зорилго нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцох, ШХАБ-д элсэх асуудал болон 2016 оны МАН-ын амлалтыг сануулахаар жагсах аж. Эрх баригчид 2016 оны сонгуульд нэр дэвшихдээ өгч байсан амлалтуудаа өнгөрсөн гурван жилийн хугацаанд биелүүлээгүй зөвхөн эрх мэдэл албан тушаалын төлөө тэмцэлдсээр ирснийг АН шүүмжилж байгаа юм.

Түүнээс гадна эрх баригчид ЖДҮХС-аас ижил дүнтэй зээл авсан нь зохион байгуулалттай гэж үзэж байгаа учраас хариуцлага тооцохыг дахин сануулах юм байна. АН-ын зүгээс өмнө нь ч бас ЖДҮ-тэй холбоотой гишүүддээ хариуцлага тооцох, ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхийг шаардаж УИХ-ын даргад бичиг хүргүүлж байсан ч өнөөдрийг хүртэл энэ асуудлыг хэлэлцэхгүй байгааг шүүмжлэх юм байна.

Түүнээс гадна ШХАБ-д элсэх асуудлыг ч жагсаалын үеэр эсэргүүцэх юм байна. Ардчилсан намын зүгээс ШХАБ-д элсэх асуудлыг эсэргүүцсээр ирсэн бөгөөд сүүлийн үед нэр бүхий улстөрчид болон Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд ШХАБ-д элсэн цаг нь болсон, элсэх нь зөв хэмээн дэмжих болсонд харамсч байгаа гэв. Тиймээс АН ШХАБ-д элсэх асуудлыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ ч жагсаалын үеэр илэрхийлэх юм байна.

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Ардчилсан нам 60 тэрбумын асуудлыг яагаад хөндөх байна вэ. АН-ын зүгээс 60 тэрбумын хэргийг хамгийн их шүүмжилж ярьж байсан ч М.Энхболд УИХ-ын даргаас бууснаас хойш энэ асуудлаар дугарахгүй байгаад байна?

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

60 тэрбум бол Ардчилсан нам байнга шүүмжилдэг байсан. Төр засгийн албан тушаалыг худалддаг байдал төрийн албанд байсан. Зөвхөн нэг хүнд хариуцлага тооцоод бусад хүнд хариуцлага хүлээхгүй өнгөрнө гэж байхгүй. Энэ 65 гишүүн бүгд 60 тэрбумын схемийн үр дүнд гарсан. Энэ хүмүүс энэ төрийг яаж ч хувааж идэж болно гэдгийг тод жишээ бол ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийн асуудал. Бид цаашид илүү их хариуцлага тооцуулахын төлөө улс төрийн тэмцэлд хүрнэ.

Баянзүрх дүүргийн дахин сонгуульд Ардчилсан нам оролцсон уу. Маш их мөнгө тараасан гэх шүүмжлэл гарсан?

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан:

БЗД-т болсон нөхөн сонгуульд Ардчилсан нам оролцоогүй. Тус дүүрэгт нөхөн сонгууль явуулах асуудал шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байгаа юм. Шүүхэд хандсан байгаа учраас оролцоогүй гэсэн үг.

Ардчилсан намын дотоод ротаци буюу ҮБХ-ны гишүүдийн сонгуулийн дүн гарсан уу?

АН-ын үндсэн дүрмийн хүрээнд явагддаг дотоод сонгууль бүх аймаг, дүүрэгт явагдсан. Нийтдээ 120 гаруй суудал дээр эргэлтийн сонгууль явсан бөгөөд өнөөдөр аймаг, дүүргийн дүнгээ нэгтгэж дуусахаар ажиллаж байна.

source: news.mn

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *