БНСУ-ын Ерөнхий сайд өнөөдөр орой Улаанбаатарт газардана

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён энэ сарын 25-27-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Тэрбээр өнөөдөр орой 21:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах юм байна.

БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлалын үеэр замын хөдөлгөөний хамгаалалт, зохицуулалтыг хийж, Нисэх, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж замуудыг түр хугацаагаар хязгаарлана. Иймд иргэд гарах цагаа зөв тооцоолох зэргээр хувийн зохион байгуулалт хийхийг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөөд байгаа.

Энэхүү айлчлал нь 2018 оны 1 дүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалын хариу бөгөөд БНСУ-ын Засгийн газрын тэргүүн манай улсад ийнхүү 4 жилийн дараа айлчлах гэж байна.

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нарт бараалхана. Талууд айлчлалын үеэр Монгол Улс, БНСУ-ын харилцааг улс төр, батлан хамгаалах, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, зам тээвэр, эрчим хүч, байгаль орчин, соёл, боловсрол зэрэг өргөн хүрээтэй салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх, иргэдийн солилцоог дэмжих, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцох аж.

 

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *