Эмч агсан 49 хүүхдийн нууц эцэг байсныг Нидерландын шүүх зарлажээ

Роттердам хотын ойролцоох нэгэн үр шилжүүлэн суулгах төвийн эмч донорын оронд өөрийнхөө үрийг өвчтөнүүддээ нууцаар суулгах замаар 49 хүүхдийн эцэг болоод байсныг Нидерландын шүүх өчигдөр зарлажээ.

Ян Карбаатын хүүхдүүд

Эмч Ян Карбаат 2017 онд 89 насандаа таалал төгссөн юм. Эмчийг нас барахын өмнөхөн түүний эмнэлгээр үйлчлүүлсэн эцэг эхчүүд болон мэндэлсэн хүүхдүүд анх шүүхэд хандаж байжээ.

Хүүхдүүдийн зарим нь эмчтэй тун адилхан царай зүстэй байсан нь сэжиглэх үндэс болсон байна.

2017 онд Нидерландын шүүх гомдол гаргасан 49 хүүхдийн эцгийг тогтоох ДНХ шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж байсан ч үр дүнг нь мөрдөн шалгах ажиллагааг дуустал нууцлах захирамж гаргаж байв.

Удаан хүлээлгэсэн шинжилгээний хариуг өчигдөр буюу Баасан гарагт нийтэд зарлажээ.

Карбаат эмчийн үр шилжүүлэн суулгах эмнэлгийг доноруудын мэдээллийг хуурамчаар бүрдүүлсэн, нэг донорт ноогдох хүүхдийн зөвшөөрөгдсөн тоог хэтрүүлсэн зэрэг шалтгаанаар 2009 онд хаасан юм байна.

49 хүүхдийн өмгөөлөгч Тим Буэтерс шинжилгээний үр дүнг ил болгож, олон хүний эргэлзээг арилгасанд баяртай байгаагаа мэдэгджээ.

Мөн гомдол гаргасан хүүхдүүд ч жинхэнэ эцгийгээ олсонд баяртай байгаагаа хуваалцсан байна.

source: ikon.mn

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *