Дуучин Becky “Азийн шилдэг дуучин”-аар шалгарчээ

Монгол Улсаас анх удаа “Asian Top Singer” буюу “Азийн шилдэг дуучин” номинацид нэр дэвшин өрсөлдөх эрхийг дуучин Г.Мөнхбаяр буюу Becky авсан талаар өмнө нь мэдээлсэн.

БНСУ-ын Сөүл хотноо дөрөвдүгээр сарын 8-15-ны өдрүүдэд зохион байгуулсан “LBMA Star Awards” наадамд Монгол Улсаас анх удаа дуучин Becky шилдэг дуучны төрөлд нэр дэвшин, шилдгээр шалгарчээ.

Тэрбээр энэ тухай өөрийн фэйсбүүк хуудаснаа “Солонгос улсын “Korea’s Best Brand Awards Association” болон “LBMA Star Awards” -ын хамтарсан шалгаруулалтаар “Азийн шилдэг дуучин”-аар шалгарлаа. Сэтгэл үнэхээр их баяртай байна. Анх удаа Монгол Улсаа төлөөлөн “Азийн шилдэг дуучин” номинацид нэр дэвшин өрсөлдөөд авч чадлаа.

Өмнөх жилүүдэд Солонгосын алдарт “Т-ARA” хамтлагийн гишүүдээс болон “G.O.D” хамтлаг, “The One” гээд маш олон “K-Pop” одод хүртэж байсан шагнал гэдгийг зохион байгуулагчид нь онцгойлон хэлсэн юм. Харин энэ удаад Монгол Улсаас авч чадлаа. Гайхалтай нэр төрийн хэрэг. Би финал дээр “Greatest Showman” киноны “Never Enough” дуугаар оролцлоо. Цаашид олон улсад гарч улам илүү хүчтэй өрсөлдөөрэй гэсэн үүрэг хариуцлага гэж ойлгож байна. Дэмжсэн та бүхэндээ, найз нар, гэр бүлийнхэндээ маш их баярлалаа” гэжээ.

source: news.mn

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *