Капитал банканд ажиллаж байсан 250 хүнд халах шийдвэрийг нь танилцуулжээ

Капитал банкны эрх хүлээн авагч болон Монголбанкнаас мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын эхэнд Монголбанкнаас томилсон эрх хүлээн авагч н.Адилбиш, “Капитал банкны харилцах, хадгаламжийн данс эзэмшигчдийн нэхэмжлэлийг энэ сарын 22-ноос эхлэн хүлээн авна” гэдгийг онцлов.

Мөн нэхэмжлэл хүлээн авах хугацаа 60 хоног байх тул эхний өдөр өгөх гэж дараалал үүсгэх шаардлагагүй аж. Учир нь нэхэмжлэл хүлээн авсан хугацааг үндэслэн дараалал тогтоохгүй юм байна.

Нэхэмжлэл хүлээн авах хаяг нь Капитал банкны Чингэлтэй дүүрэг дэх төв байр. Тус банканд ажиллаж байсан 250 хүнд халах шийдвэрийг нь өнөөдөр танилцуулсан байна.

Мэдээллийн үеэр сэтгүүлчид “Капитал банкнаас олгосон зээлийн 80 хувь найдваргүй зээлд орсон тухай мэдээлж байгаа. Хэдэн хувь хүрсэн тохиолдолд банкин дээр арга хэмжээ авдаг вэ. Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгал, Хөгжлийн банкны мөнгө гээд төрийн 340 тэрбум төгрөг тус банкинд байршиж байсан. Гэтэл дампуурлаа. Хариуцлагыг хэн хүлээх вэ” гэсэн асуулт тавьсан юм. Харин төв банкны холбогдох албан тушаалтан “2015 оноос дээр дурдсан төрийн мөнгө байршиж ирсэн байдаг. Монголбанк шаардлагатай арга хэмжээнүүдийг авсаар ирсэн. Гэвч хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Хяналт тавин ажиллаж байхдаа зээл олголтыг нь хязгаарлаж байсан. Чанаргүй зээлийн хэмжээ тэдэн хувьд хүрсэн тохиолдолд арга хэмжээ авна гэсэн тодорхой хуулийн заалт байхгүй” гэв.

Мөн тус банк нь төлбөрийн үйл ажиллагаагүй болсон тул цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй. Капитал банкийг татан буулгаснаар банкны салбарт нөлөөлөхгүй. Мөн сүүлийн үед зээл олгогдоогүй гэдгийг Монголбанкнаас хэллээ.

source: zaluu.com

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *