Ц.Нямдорж: Гэм буруугүй хүн хуулийн байгууллагын коридорт нэг ч секунд зогсох ёсгүй

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг томилохоор зөвшилцөх Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэх үед Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тэдэнд хандан үг хэлсэн юм.

Тэрээр “МАН-ын бүлгийн хурлын үеэр би та хоёрын талаар шүүмжлэл хэлсэн. Бодвол тэр үг та нарын чихэнд очсон байх. Цаашдаа сайн ажиллана гэж найдаж байна. Завхрал их гарч байгаа шүү. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн гурван гол зарчим мөрдөгдөхөө больсон. Нэгдүгээрт, гэм буруугүй хүнийг эрүүгийн хариуцлагад татаж болдоггүй заалт сүүлийн хэдэн жил байхгүй болсон. Уур нь хүрсэн өдрөө дургүй хүнээ барьж хориод хэсэг хугацааны дараа суллачихдаг.

Буруутай ч юм шиг, буруугүй ч юм шиг. Ийм олон асуудал байгаа. Шинэ Ерөнхий прокурор энэ асуудлаар ажлын хэсэг байгуулсан гэсэн. Үүнийг сайн шалгах хэрэгтэй. Хоёрдугаарт, мэтгэлцэх зарчим байхгүй болсон. Өмгөөлөгчийг юу ч биш болгосон. Хуулийг нь байхгүй болгосон. Шаардлага гарвал нууц задруулахгүй гэсэн баталгаа гаргуулж аваад амыг нь битүүлчихдэг. Бие засах гээд явахад нь хар масктай, буутай хүн дагаж явдаг болсон.

Прокурорууд нь урдаа хэргийн материалтай компьютер тавьчихаад цатгалан бар шиг суудаг болсон. Гуравдугаарт, аливаа асуудлын талаар эргэлзээ гарвал яллагдагчийн талд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн алтан зарчим байдаг. Энэ зарчим байхгүй болсон. Та нараас энэ алдааг засах зориг гарна гэж найдаж байна. Гэм буруугүй хүн нэг ч секунд хуулийн байгууллагын коридорт зогсох ёсгүй” гэлээ.

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий прокурорын орлогч нарын томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцэж байна.

source: eagle.mn

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *