Цул амин дэм чиа үртэй нэрсний чанамал хийх арга

Монголд ургаж байгаа жимс жимсгэнэ улиралд нь зөв хураасан бол шим тэжээл, хэрэгцээт амин дэмээр дүүрэн, ёстой л “оригоороо” байдаг байгаль эх дэлхийн маань хишиг юм аа.

Гадаадад амьдарч байгаа хүмүүс бидний хувьд аль болох органик нэрс сонгож хэрэглэх хэрэгтэй юм билээ. Яагаад гэвэл бусад жимстэй харьцуулахад нимгэхэн хальстай жимснүүд болон нэрс, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө зэрэг жимсгэний төрөл дээр хортон шавьжтай тэмцэх химийн бодисыг ихээр хэрэглэдэг юм байна.

United States Department of Agriculture (USDA)ийн тэмдэглэснээр шинэхэн нэрсэнд 52 төрлийн хортонтой тэмцэх химийн бодисын үлдэц илэрсэн байна. Яагаад ингэдэг вэ гэвэл эмзэг, хэврэг жимсгэний ургацыг сайжруулах, тээвэрлэлт, хадгалалт, лангуун дээр тэсвэртэй байлгаж, өнгө үзэмжийг нь алдагдуулахгүй байх талаас нь бодолцож ингэж их химийн бодис ашигладаг байна.

Харин үүнтэй харьцуулбал хөлдөөсөн нэрсэн дээр бол арай бага, 21 төрлийн химийн бодисын үлдэц илэрсэн байх. Хурааж аваад, тэр дор нь хөлдөөсөн бол нэрс жимс нь дотор агуулагдах амин дэм, антиоксидантын агууламжаа хадгалж чаддаг.

Мэдээж эдгээр химийн бодисыг хүний биед аюулгүй гэж үзэж ашигладаг нь тодорхой. Гэхдээ нэрс ч гэсэн амьд организм гэдэг утгаараа ургах “жамаараа” ургасан бол бидний аманд орохдоо ашиг тустай байх чанарын хувьд илүү байх биз.

Би энэ талаар мэддэггүй, олон төрлийн “царайлаг”, цэмцгэр савалгаатай жимс жимсгэнээс, өөрөөр хэлбэл органик бишийг авч идсээн идсэн.

Харин одоо бол чадвал органикыг, чадахгүй бол хөлдөөсөн нэрс авахыг хичээж байгаа. Хөлдөөсөн нэрс танайд ч бас байдаг бол чанамал хийхэд их гоё болдог. Чихрээ танана гэдэг миний хувьд ямар нэг зүйлийг тас хорих биш харин арай чанаржуулж, хэрэггүй зүйлсийг багасган танах явдал юмаа.

Дэлгүүрийн жимсний чанамлуудтай харьцуулахад жимсний амт нь илүү амтагдсан, бас хэт нялуун биш, зөөлөн, хамгийн гол нь элсэн чихэр нэмээгүй, харин сайн чанарын зөгийн балаар амтлаад хийхэд гоё болдог.

Мэдээж гэртээ хийсэн шинэхэн чанамал тул хадгалах хугацаа нь богино байна. 7 хоногтоо хөргөгчинд хадгалж хэрэглэнэ. Нөөшлөгч агуулаагүй хүнс шинэхнээрээ хэрэглэгдэх зориулалттай байдаг шүү дээ. Орцон дахь чиа үрийн ачаар энэ чанамал нь омега 3 тосны хүчил, антиоксидант, эслэг, төмөр агуулна. Омега 3 тосны хүчил нь “сайн” талын гэгдэх холестролыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Зураг дээр миний барьж байгаа нь өнгөрсөн амралтын өдрөөр хийснээс үлдсэн хамгийн сүүлийн шилтэй нь байна.Яг ингээд нэг долоо хоногтоо хэрэглээд таардаг.

Нэрс жимсийг ид боловсорсон үед нь хурааж авмагц хөлдөөгчиндөө хадгалаад авбал (3 сар хүртэл хадгалж болно) хүссэн үедээ нэрсний чанамлаа хийгээд байж болно.

Өглөөний каш, нэвсний зутан дээрээ, шарвин, маслотой талхан дээрээ, тарагтай гээд маш олон янзаар хэрэглэж болох энэ жимсний чанамлыг хийхэд харьцангуй хялбар.

Эхний ээлжинд миний энэ жороор хийж туршиж үзээд, таалагдвал орцыг нь нэмж арай ихээр хийхийг зөвлөх байна.

ХЭРЭГ БОЛОХ ЗҮЙЛС:

500 грамм хөлдөөсөн нэрс

1/4 нимбэгний шүүс (Шинэхэн нимбэгийг дөрөв хуваасны нэгийг шахахад гарах шүүс)

10 грамм ус

Амны том халбагаар нэг сайн чанарын зөгийн бал (өөрөө амсаж үзээд нэмж хасч болно)

Амны том халбагаар нэг нунтагласан чиа үр.( Тээрэмдсэн үр байхгүй бол бүхэл үр байсан ч болно )

Ванил (заавал байх албагүй)

ХИЙХ АРГАЧЛАЛ:

Зузаан суурьтай шанаганд жимсгэнэ болон усаа хийгээд таглаж буцалгана.

-Буцалмагц нь нимбэгний шүүс болон ванилаа нэмээд галаа багасгана.

-Зөөлөн гал дээр байн байн хутган буцалгаж ширгээсээр анхныхаасаа 1/3 хүртэлх хэмжээнд багасч ирэхэд нь галаа унтраана.

-Гаргаад савтай нь хөргөөд хүйтэн бүлээн болоход нь зөгийн балаа нэмээд сайтар, уустал нь хутгана.

-Хамгийн сүүлд чианы үрээ цацаад мөн л сайн хутгана.

-Бүрэн хөрснийх нь дараа тагтай шилэн саванд хийгээд хөргөгчиндөө 7 хоног хүртэл хадгалж болно.

Чихрээ танаж буй та бүхэнд дээрх мэдээлэл маань бага ч гэсэн тус болно гэж найдъя. Монголд зарагдаж буй, чихрийн орц багатай жимсний чанамлын нэрийг дурдаад яваарай.

source: facebook

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *