М.Тэгшбаяр: “Ум сайн амгалан болтугай” гэдэг нь хэтрүүлж хэлбэл аз жаргалтай байгаарай гэсэн үг

Буддын соёлын Махагала нийгэмлэгийн тэргүүн, докторант М.Тэгшбаяраас бурхны шашны зан үйл, өөд болоочийн хойдын буянд зориулан уншдаг маанийн талаар тодрууллаа.

Та Монголын бурхны шашны их сургуулийг 2000 онд төгссөн. Сургуулийнхаа үүх түүхээс хүүрнээч?

Гандантэгчэнлин хийдийн хамба лам, номч мэргэн гавж С.Гомбожав, Буриадын хамба Агваан Доржиев нарын санаачилгаар 1970 онд Монголын бурхан шашны дээд сургууль байгуулагдсан. 50 шахуу жилийн хугацаанд өнөө цагийн шашны нэр нүүр болж яваа эрдэмтэн мэргэд, номын багш нар энэ сургуулиас төрсөн.

Тухайлбал, хамгийн анхны төгсөлтөөс Монголын бурхны шашинтны төвийн тэргүүн, хамба лам Д.Чойжамц, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн хамба лам Ч.Дамбажав нар, удаах төгсөлтөөс Гандантэгчэнлин хийдийн хансүр Ё.Амгалан, Эрдэм соёлын хүрээлэнгийн захирал, доктор, профессор гавж Ш.Сонинбаяр, Азийн буддистуудын энх тайвны бага хурлын ерөнхий нарийн бичгийн дарга, доктор, гавж Т.Булган, гавж Д.Цэрмаа тэргүүтэй эрдэмт олон дээдэс бий.

Танай 12 дахь төгсөлтөөс номч мэргэн лам олон төрсөн байдаг?

Бид 1996-2000 онд Монголын бурхан шашны их сургуульд суралцаж төгссөн. Лам нар нэг зиндааныхан гэж хэлдэг л дээ.

Манай зиндаанаас олон түмэн илүү сайн мэддэг хүмүүсийг дурдвал сүүлийн үед энэрэл нигуүсэл, хүний амьдралын мөн чанарын талаар илтгэл, лекц уншдаг, Эрдэнэ зуу хийдийн хамба лам, “дуучин” Х.Баасансүрэн, “Агнистын гэгээ” цувралыг эрхлэн гаргагч, Төвдөч орчуулагч, baabar.mn шилдэг нийтлэлчдийн клубийн гишүүн П.Бадрал тэргүүтэй олон лам нар төгссөн. Одоо манай зиндааны лам нар олонх нь хийдийн хамба лам, мөн удирдах албан тушаал хашиж, ном, буяны үйлсээ хийж явна.

Сүүлийн үед цахим орчин хэрэглэгчид төрөл арилжсан хүмүүсийн араас “Ум сайн амгалан болтугай” хэмээн эмгэнэл илэрхийлэх болсон. Энэ нь бурхны номоороо хэр зүйтэй вэ?

Нэг талаас насан өөд болсон тухайн хүнийг өрөвдөж хайрласан, харамссан сэтгэлээр ийн хэлж байгаа гэдгээс нь харвал буруу гэх нь хэцүү. Гэвч энэ үгний үндсэн утга санааг мэддэг хүний хувьд жаахан хачирхалтай санагддаг юм. Ихэнх хүн “Ум сайн амгалантай болтугай” хэмээх энэ үгний утга учрыг мэдэхгүй эсхүл мэдэх шаардлагагүй байж болно. “Ум сайн амгалан болтугай” гэдэг нь жаахан хэтрүүлж хэлбэл аз жаргалтай байгаарай гэсэн үг л дээ.

Аз жаргал, аливаа сайныг хүсэх ерөөл гэж ойлгож болно. Хүн насан өөд болсон мөчөөс наад зах нь хэдхэн хором, цаад зах нь 49 хоногийн турш “Бардо” буюу махан биеэ орхиж, хайртай дотны хүмүүс, дасч ижилдсэн гэр орон, үр хүүхдээсээ салж хагацаад айж цочих, төөрч эндүүрч төөрөх, өлсөх цангах зэрэг олон зовлон эдлэн явдаг учиртай.

Энэ үе нь бурхан болоочийн хойдын буянд зориулан уншсан ганц эрхи маань, өргөсөн зул, өглөг буян нь машид хэрэгтэй чухам алдаж боломгүй үе тул олон түмэн буянд нь зориулан ямар ч үр дүнгүй “Ум сайн амгалантай болтугай” гэдэг үгийг хэлж байснаас уншсан, сонссон, даган баяссанаараа далай их буяныг хураах “Ум ма ни бад ми хум” хэмээх Аръяабал буюу Жанрайсиг бурхны зүрхэн тарнийг уншиж байвал тухайн өөд болоочид маш хэрэгтэйгээс гадна уншиж буй хүнд ч буян хурдаг учиртай. Ингэж уншихдаа маанийн тус эрдэм, ач тусыг мэдэж гүнээ сүсэглэн уншваас зохилтой.

Яагаад “Ум сайн амгалан болтугай” хэмээн эмгэнэл илэрхийлдэг болчих воо. Ямар үед ийн хэлж сүсэглэх нь зохилтой вэ?

Хүн насан өөд болсноор бүр мөсөн үгүй болчхож байгаа хэрэг биш, дараа дараагийн төрөлдөө амьдрал нь үргэлжилдэг гэдгийг мэддэг тул эмгэнэл илэрхийлэх хэмээх зан заншил Монгол ахуйд байсангүй.

Харьцангуй хожим буюу соц нийгмийн үеэс нэвтэрсэн заншил юм. Өрнийн хүмүүс “Гүн эмгэнэл илэрхийлье” гэж хэлдэг нь хүлээж авч буй, хэлж буй хэн хэндээ их амар байж. Манайд шинээр нэвтэрсэн энэ заншил нь яг тохирох үг үгүйгээс болсон уу эсвэл шашинлаг, уламжлал ёсыг хадгалсан мэт санагдах тул “Ум сайн амгалан болтугай”  гэж хэлдэг болсон байх талтай.

Энэ үг нь номын ёсонд бол сайн сайхан болохыг бэлгэдсэн утгатай үг. Уг нь Монголчууд эртнээс насан өөд болоочийнхоо болон таних мэдэхгүй, хар элгийн хүн байсан ч хамаагүй хойдын буянд нь зориулан маань уншдаг байсан. Энэ нь тухайн насан өөд болоочид чухам амьсгалах ус, агаар шиг сайн төрлийг олоход тустай.

Ихэнх хүн зөвхөн төрөл арилжсан нэгний араас маань уншдаг. Өдөр тутамдаа ямар маанийг уншвал зүйтэй вэ. Маань уншихын ач тус, эрдмийн талаар мэдээлэл өгөөч?

Маань унших нь амар хялбар аргаар арвин их буяныг хураах арга бөгөөд зөвхөн насан өөд болоочийн хойдын буянд зориулан уншдаг ном биш юм. Бурхан багшийн хамаг сургаал, номын утга бүгдээр маанийн зургаан үсэгт багтдаг гэдэг. Тиймээс Монголчууд  “Мааниас илүү номгүй махнаас илүү хоолгүй” гэж ярьж иржээ.

Маанийг бүхий л зүйлд зориулан уншиж болдог. Уншсан сүслэн залбирсан хэн бүхэнд ирдэг ач ивээл, тус эрдэм цаглашгүй юм. Маанийг уншихын тус эрдмийг энд дурдвал арвин их. Тиймээс сүсэгтнүүд “Буддын соёлын Махагала нийгэмлэг” фэйсбүүх хуудаснаас дэлгэрүүлж үзэж болно.

Харин бурхны шашинт хүн өөрийн өвөг дээдсээс дамжин шүтэж ирсэн бурхан шүтээн хэрэв үгүй бол өөрийн мэнгэний бурхныг бүтээлгэн залж шүтэх, тарни залбирлыг нь уншиж байх нь зөв юм.

Сүүлийн үед залуус бугуйндаа эрх зүүдэг болжээ. Эрх гартаа зүүх нь ямар утга агуулдаг вэ. Гоёл чимэглэл маягаар зүүх нь хэр зохистой вэ?

-Хэрэв би буруу ойлгоогүй бол загвар мода гэдэг нь тухайн үеийн нэр алдартай хүмүүс, олны танил хүний өмсөж зүүж байгаа зүйлсээс санаа авч үүсдэг гэж ойлгосон.

Эрхи нь тарни ном уншихдаа тоо авах зорилготой ба олон төрлийн мод, материалаар хийсэн байдаг. Тухайлбал, Монголчууд зургаадай эрхиэр уншсан маань зургаан зураасныхаа тоотой ижил үрждэг гэж үздэг. Эрхийг гарт зүүх нь ямар нэгэн утгыг илэрхийлдэг гэж сонссонгүй. Гоёл чимэглэл байдлаар зүүх нь зөв, буруу гэж хэлж болох үгүйг мэдэхгүй байна.

source: mnb.mn

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *