О.Содбилэг: УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох нь зөв

УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байна. Байнгын хорооны хуралдаанд оролцож буй гишүүд ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж дууссан бөгөөд одоо саналаа хэлцгээж байгаа юм.

Ж.Батзандан: -Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд реформын шинжтэй хэдэн хэдэн заалт орсон байна. Тухайлбал, сум, дүүргийн Засаг даргыг иргэд шууд сонгодог болох тухай заалт. Гэхдээ зарим болгоомжлох зүйл бий. Тухайлбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэдийн 50 хувиас илүү нь уул уурхайн нэг компанийн ажилчид. Тэгэхээр энэ сумыг Засаг дарга хаанаас сонгогдох нь тодорхой болно. Тиймээс энэ заалтыг нухацтай хэлэлцэх шаардлагатай байна.

О.Содбилэг: Ажлын хэсэгт орж ажиллаад тодорхой саналууд гаргасан боловч хуулийн төсөлд ороогүй байна. Тухайлбал, УИХ-ын ээлжит чуулган ажлын 75 өдөр чуулна гэсэн заалтыг бүр илүү тодорхой болгох хэрэгтэй. Хаврын чуулган жил бүрийн гуравдугаар сарын 1 буюу Эх орончдын өдөр эхэлдэг. Намрын чуулган долдугаар сарын 29 буюу анхны ардчилсан сонгууль явуулсан өдөр эхэлдэг болох гэх мэт саналууд гаргасан.

Мөн Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа хүн нь УИХ-ын гишүүн байх ёстой. Ингэж байж Засгийн газар илүү хүчтэй болно. Өөрөөр хэлбэл, ард түмнээс мандат авсан хүн Ерөнхий сайдаар ажиллах ёстой.

УИХ-ын бүрэн эрхийн хугацааны тухайд таван жил болгох нь зүйтэй. Дөрвөн жил бол бодлогоо хэрэгжүүлэхэд хангалттай хүрэлцдэггүй. Гэхдээ ийм заалт орууллаа гэхэд одоогийн УИХ-д үйлчлэхээргүй байдлаар оруулах нь зөв.

source: eagle.mn

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *