Энэтхэг эр нууц амрагаа айлгах гэж оролдоод бүх насаар хорих ял сонсжээ

Үнэт чулууны бизнес эрхлэгч чинээлэг эр нууц амрагаа айлгаж, ажлаас нь гаргах гэж оролдоод бүтэлгүйтэж, бүх насаар хорих ял сонссон байна.

Энэ долоо хоногт болсон шүүх хурлаар 38 настай Мумбай хотын оршин суугч Биржу Саллад онгоц барьцаалахаар сүрдүүлсэн гэдэг үндэслэлээр бүх насаар хорих ял оноожээ.

Салла нь эхнэр, хоёр хүүгийн хамт амьдардаг юм байна. Чинээлэг амьдралтай тэрээр бизнесийн зорилгоор Мумбай-Делигийн хооронд байнга нисдэг байсан бөгөөд энэ үеэрээ нисэх онгоцны үйлчлэгч бүсгүйтэй танилцаж, 2017 оноос эхлэн дотно харилцаатай болжээ.

Гэвч бүсгүйн ажлын онцлогоос болоод тэд байнга уулзалдаж чаддагүй байсан гэнэ. Тиймээс Салла 2017 оны долдугаар сард найз бүсгүйтэйгээ нууцаар гэрлэж, ажлаас нь гаргахаар ятгасан ч амжилт олоогүй байна.

Ингээд тэр найз бүсгүйнхээ ажилладаг Jet Airways авиа компанийн нисэх онгоцыг барьцаалагдсан болгож харуулах хуурамч зурвас үйлджээ. Үүний үр дүнд айсан эмэгтэй ажлаасаа гарна гэж Салла тооцоолсон байна.

Салла ажлын компьютер дээрээ хуурамч бичгийг үйлдээд хэвлэж байгаа, хурууны хээгээ үлдээхгүйн тулд бээлийтэй ажиллаж байгаа зэрэг баримтыг прокурорууд хяналтын камерны бичлэгээс олжээ. Тэрээр муслим хүмүүс онгоц барьцаалсан болгож харуулахын тулд англи хэл дээр бичсэн бичгээ Google Translate үйлчилгээгээр урду хэл рүү хөрвүүлсэн байна.

Зурваст барьцаалагчид онгоцонд байгаа тул онгоц зорьсон газраа очилгүй чиглэлээ өөрчлөн Пакистаны Музаффарад нисэх буудалд газарданa, ачааны хэсэгт тэсрэх бодис байгаа зэргийг өгүүлжээ. 2017 оны аравдугаар сарын 30-нд тэр онгоцонц суусныхаа дараа уг зурвасыг угаалгын өрөөнд оруулж, нүдэнд харагдах газарт байрлуулсан байна.

Удалгүй нисэх багийн гишүүн зурвасыг олж төвдөө мэдэгдсэнээр онгоц Ахмедабад хотод ослын буулт гүйцэтгэж байжээ. Энэтхэгийн үндэсний мөрдөн байцаах газар хэргийн мөрөөр шалгаж, Саллаг өнгөрсөн онд баривчилсан юм.

Шүүхээс түүнд 50 сая рупигийн ($700,000) торгууль оноож, шоронд хоригдох ялаар шийтгэжээ. Харамсалтай нь 2016 онд батлагдсан онгоц барьцаалах явдалтай тэмцэх шинэ хуулийн дагуу ийм хэрэг үйлдсэн болон үйлдэхээр сүрдүүлсэн этгээдэд хоёрхон төрлийн ял оноодог байна.

Нэг нь цаазын ял бол нөгөө нь бүх насаар хоригдох ял юм.

Саллагийн өмгөөлөгч энэхүү ялыг хэт хатуудсан гэж үзээд дээд шүүхэд давж заалдахаар бэлдэж байгаагаа хэвлэлд ярьжээ.

source: ikon.mn

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *