Галт тэргэнд мэндэлсэн охинд 25 жил үнэгүй зорчих эрх өгчээ

Ирландад зургаадугаар сарын 11-нд Дублин хот руу явж байсан галт тэргэнд орон нутгийн цагаар 15:05-д нэгэн охин хорвоод мэндэлжээ.

Энэхүү онцгой үйл явдлыг тохиолдуулан Ирландын төмөр замын газраас охинд 25 нас хүртлээ галт тэргээр үнэгүй зорчих эрх бэлэглэсэн аж.

Тухайн өдөр галт тэрэгний үйлчлэгч ариун цэврийн өрөөнд эмэгтэй хүний орилох дуу сонсоод очсон бөгөөд нөхцөл байдлыг мэдээд яаралтай эмнэлгийн ажилтнууд байгаа эсэхийг сурагласан гэнэ.

Аз болоход галт тэргэнд нэг эмч, хоёр сувилагч зорчиж байжээ. Эмнэлгийн ажилтнуудын тусламжтайгаар охиныг эсэн мэнд эх барьж авчээ. Галт тэрэг Дублин хотод ирсний дараа эх, хүүхэд хоёрыг шууд эмнэлэгт хүргэсэн байна. Одоо тэдний бие маш сайн байгаа ажээ.

Харин Ирландын төмөр замын газрын төлөөлөгч хэлэхдээ “Бид маш их баяртай байна. Тухайн үед яаралтай тусламж үзүүлсэн гал тэрэгний ажилтнууд, зорчигч, эмч, сувилагч нарт талархаж байна” хэмээсэн байна.

source: news.mn

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *