Түргэн бодолтын олон улсын олимпиадаас Монгол сурагч АЛТАН медаль авчээ

Бүгд Найрамдах Турк Улсын Анталия хотод энэ сарын 10-ны өдөр болсон ментал арифметик буюу түргэн бодолтын олон улсын олимпиадаас Монголын сурагч Даулетжаны Абдулла алтан медаль хүртжээ.

Түүний хувьд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хоёрдугаар бүрэн дунд сургуулийн тавдугаар ангид сурдаг байна. Тэрээр олон улсын олимпиадад ментал арифметикийн гуравдугаар шатны ангилалд эх орноо төлөөлөн оролцжээ.

Дээрх олимпиадыг Дэлхийн ментал арифметикийн сургуулиудын холбоо зохион байгуулж, Орос, Иран, Турк, Монгол, Казахстан, Киргиз зэрэг дэлхийн 10 орны сурагчид оролцсон байна.

Ментал арифметик нь хүүхдийн тархины үйл ажиллагаанд тохирох арифметик үйлдлийн аргачлалыг ой тогтоолтын аргачлалтай хослуулан маш түргэн бодоход сургадаг оюуны хөгжлийн сургалт юм. Өлгий хотод 2018 оноос Ментал арифметикийн сургалтын төв үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Д.Абдулла тус төвд хичээллээд нэг жил болсон ажээ.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *