Т.Бархүүг “барах уу” буюу тэрбээр хагас финалд 18 сая төгрөгийн эзэн боллоо

Дэлхийн болон Монголынхоо алдартай урлагийн оддыг нэгэн тайзнаа гаргаж чаддаг “Яг түүн шиг” шоуны хагас финалын дугаар өчигдөр /2019.06.30/ “Боловсрол суваг” телевизээр үзэгчдэдээ шууд дамжуулан хүрлээ. Хагас финалын дугаарт авьяаслаг оролцогч Т.Бархүү шоуны оролцогч, дуучин Б.Амархүүг яг түүн шиг дуурайж, ялагчаар тодорлоо.

Түүнийг шоуны гурван шүүгч дэмжиж, хамгийн өндөр оноо болох 12 оноог өгсөн бол бусад долоон оролцогч бүгд өөрийн гурван оноогоо жүжигчин Т.Бархүүд өгч, нийт 57 оноог авсан. Мөн шоу нэвтрүүлэг эхлэх мөчөөс үзэгчдээс мессеж саналыг авснаар шоу дуусахад хамгийн өндөр оноог бас л жүжигчин Т.Бархүү авч, тэрбээр 10 сая төгрөгийн эзэн болсон юм.

Шоуны төгсгөлд өнгөрсөн есөн дугаарын турш хамгийн өндөр оноог авсан хоёр оролцогчийг шалгаруулахад дахин жүжигчин Т.Бархүү нийт 325 оноогоор тэргүүлж, найман сая төгрөгөөр шагнууллаа.

Жүжигчин Т.Бархүүгийн хувьд “Энэ шагналын мөнгөө ард түмэнтэйгээ хуваалцана. Чухам юу хийхийг одоо сайн хэлж мэдэхгүй байна” гэдгээ хэлсэн юм. Харин дуучин Г.Сүндэрмаа, П.Баярцэнгэл нар 255 оноогоор тэнцсэн тул хоёуланг нь шалгаруулж, тус тус таван сая төгрөгийн эзэн боллоо.

“Яг түүн шиг” шоуны хагас финалын дугаар бараг л Монголын рок попын оддын тоглолт болов уу гэлтэй онцлог дугаар байлаа. Учир нь “Яг түүн шиг” шоуны шилдэг оролцогчид энэ удаа Монголынхоо рок попын ертөнц дэх оддоос дуурайж, дуэт уран бүтээлчдийг шоуны тайзнаа урьсан байв.

Авьяаслаг оролцогчдоос дуучин Б.Нацагдорж буюу Наки шоуны шүүгч Г.Ганхүүг, жүжигчин Т.Бархүү шоуны оролцогч Б.Амархүүг дуурайсан нь үзэгчдийн сонирхлыг ихэд татсан юм.

Харин дуучин П.Баярцэнгэл Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, загвар өмсөгч С.Сарнай реппер Жий, дуучин Б.Халиун дуучин Укаг, дуучин Б.Амархүү “Чингис хаан” одонт дуурийн дуучин Г.Ариунбаатар, дуучин Б.Маралжингоо дуучин С.Наран, дуучин Г.Сүндэрмаа Монгол Улсын гавьяат дуучин Т.Ариунааг тун чадварлаг дуурайж, үзэгчдийг гайхшируулж чадлаа.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *