Х.Баттулга: Хөх тэнгэрийн ивээл дор Монгол наадам эхэллээ

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадам эхэллээ.

Үндэсний их баяр наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ.

Тэрбээр “Үндэсний баяр наадмын дэлгэр мэндийг өргөн дэвшүүлье. Өнөөдөр Тулгар төр байгуулагдсаны 2228, Их монгол улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохиож байна.

Түүх соёлоо танин мэдэхийн хэрээр үүрэг хариуцлага, ухаан сууж байдаг юм.

Монгол төрийн их наадам та бидний бие сэтгэлээрээ Монгол хүнээрээ бахархах баяр мөн. Энэ баяраараа үндэснийхээ соёлыг бадруулдаг. Дэлхийн өнцөг булан бүрээс зорин ирсэн жуулчид зочиддоо тусгайлан талархсанаа илэрхийлье. Дэлхий даяар тархан суурьшсан Монголчууд минь сайхан наадаарай.

Мөн Монгол Улсын тусгаар байдал бүрэн эрхийн баталгаа болсон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуульд хувь нэмрээ оруулах хэрэгтэй.

Их эзэн Эцэг дээдэс Чингис хаан минь ээ Эх нутаг элгэн саднаа үеийн үед дээд тэнгэрээс ивээгээрэй.

Хөх тэнгэрийн ивээл дор Монгол наадам эхэллээ” гэлээ.

Энэ жилийн баяр наадмын нээлтийн ёслолыг “Их Монголын цэнгэл наадам ирэх цагийн цагийн ерөөл” нэрийн дор үндэсний эв эеийн дуулал, тусгаар тогтнолын бат илэрхийлэл, гэр бүлийн аз жаргал, төр улсын үндэс болсон газар шороо, эх хэл, өв соёл, түүхэн уламжлал дээр суурилсан өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн орчилд уялдуулан зохион байгуулжээ.

Наадмын Ерөнхий найруулагчаар Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл ажиллаж байгаа юм.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *