Сайд асан М.Сономпилд дөрвөн жилийн хорих ял оноожээ

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд асан М.Сономпилийг шүүх хурал өчигдөр болж, түүнд дөрвөн жилийн хорих ял оноожээ.

Түүнийг, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан “…албан тушаалын эрх мэдлийг урвуулан ашиглаж албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдлийг хийж Монгол Улсын эрх ашиг, сонирхолд онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан “…хахууль авсан…” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 7 дугаар сар 24-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:

Нийслэлийн Прокурорын газраас Эрчим хүчний сайд асан М.Сономпилийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан “…албан тушаалын эрх мэдлийг урвуулан ашиглаж албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдлийг хийж Монгол Улсын эрх ашиг, сонирхолд онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д (гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй) заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

М.Сономпилийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан “…нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдаар дамжуулан хахууль авсан…” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, дөрвөн жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон 266 сая төгрөгийг улсын орлого болгохоор заажээ.

Түүнд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэсэн байна.

source: ikon.mn

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *