Р.Эмүжин: Зика, Мика хоёрт базуулж, Эрээний наймаачинд худалдагддаг төрөөр яах юм, шүүлтүүрээ нэмье

Зөвшилцсөн нэртэй зөв буруу гуядсаар байтал тэртэй тэргүй тулж ирсэн Үндсэн хуулийг өөрчлөх үүрэг дараагийн парламентад оноогдох янзтай. 2020 оны парламентад хаанахын ямар бор халзан хонь, галуу хэрээ гуагчаад майлаад ороод ирэхийг таах аргагүй. Уг нь амжаад баталчихвал ардад тустай, ардчилсан парламентад ээлтэй л юмсан. Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд хоёр л гялтайх гэрэл байгаа. Эхнийх нь сонгуулийн холимог тогтолцоо. Хоёр дахь нь УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох санал.

Харин Элбэгдорж, Энхбаяр хоёрын үед Ерөнхийлөгчийг хаан болгох төвшинд аваачсан шүүхийн хараат бус байдал зэрэг үндсэн өөрчлөлтөд манай Баттулга ХААН дурлачихаад дуугардаггүй дээ. Хааны суудал мөнх ч биш дээ, уг нь ард түмнийхээ талд ам ангайсан бол зөвшилцлийг илүү хурдасгах байлаа. Мань хүний гаргаж ирсэн 108 суудал хамгийн их шүүмжлэл дагууллаа.

Парламентийн засаглалтай орнуудын сонгогчдын тоотой харьцуулахад Монголынх 114 байвал зохистой гэж хэлсэн үгэндээ дурдсан. Тэгээд яадгийн, хар массдаа таалагдаж, хамаг сэтгэлийг нь ханаруулах санаатай эрхиний тоогоор 108 гээд хэлчихсэн нь харин ч шүүмжлэлийн бай болгочихлоо. Би нэг юмыг гайхаад байдаг юм. Бид чинь цэвэр усаа 6-12 шүүлтүүрээр шүүн байж уудаг.

Тийм атлаа эргүү тэнэгийг нь гайхан байж 76 хүнд төрийн бодлогоо атгуулдаг. Нөгөө 76 нь З.Энхболдын шахаасаар цагаан сарын битүүний өдөр “Сентерра гоулд”-д Ноён уулаа өгөхөөр кноп дараад сууж л байдаг. Найр наадам, амралттай давхцуулан Үндсэн хуулийн өөрчлөлт хэлэлцээд хэлхэлдэж л байдаг. Үнэндээ бол 76 хүнийг хоёр хуваагаад, гурав салгаад, тал талаас нь худалдаж аваад, талцуулж муудалцуулаад байх амархан. Гол цөм гэж байхгүй, савлахад амархан, санжиганахад бүүр ч хялбархан бүтэц. Одоо бүр хадуурч давхиад өнөө 76-гаа цөөлье гэлцэх боллоо. Эрээний наймаачин ч худалдаад авчихмаар хөнгөн жингийн төртэй байж яах юм?

Тэгж яривал Японы парламентийн дээд, доод танхим нийтдээ 707 гишүүнтэй, Германы Бундестаг 709 гишүүнтэй. 1,3 сая хүн амтай Эстони 101 гишүүнтэй, 1,9 саяулаа латвичууд төрдөө 100 төлөөлөл сонгодог, Израйл 120 хууль тогтоогчтой. Манайх 76 гишүүнтэй нэртэй боловч сонгуулийн тогтолцооноосоо болж хоёрхон намын төлөөлөл сонгогддог. Энэ утгаараа хоёрхон намын дарга л бүх эрх мэдлийг атгадаг. Зика, Мика хоёр Энхболдын үед үйл лайг нь хангалттай үүрч, хор уршгийг нь харсан л баймаар юм. Сонгуулийн холимог тогтолцоотой болсноор нөгөө алдарт Буян Жагаагаас чинь эхлээд, зөв дуугарч зөв хөдөлдөг С.Оюунаар удаалаад олон намын төлөөлөл парламентад орж ирнэ. Гишүүдийн тоог 100-гаас давуулснаар төрийн бодлогын шүүлтүүр нэмэгдэнэ.

Монгол төрийг амархаан худалдаж аваад, хуйвалдаанд нэгтгэчихдэг гадаад дотоодын нохдын өмнөөс цор хийх басартай, жов гэх хасартай болно. Олны олон дунд шийртэй аавын хүү, шөрмөстэй ээжийн охин ороод ирж л таарна. Олуулаа байх тусмаа олом чангарна. Шударгаар хэлэхэд гайгүй шиг хүн ганц алхах аргагүй адгийн хуйвалдааны оромж чинь бие биедээ найр тавьж, бэл бэнчингээ нэгтгэчихсэн энэ 76 шүү дээ. Боловсролтой боломжийн залуус нэр дэвшихгүй зугтаж тойроод байхаас аргагүй. Тэнд очсон хэн бугайг ч тэртэй тэргүй хэн ч биш болгодог бүтэцтэй.

76 хоолны сав тэжээлээ, тэрнээс олныг тэжээхгүй л гэлцэж байна. Харамч хүн хоёр төлдөг ч гэж үг бий. Хуйвалдах боломж байх тусам хумслах нөхцөл бүрдэнэ. Энэ Жавхлан шиг хоёр олигарх намын өмнөөс хэг ёг гээд хэдэрлэчихдэг аавын хүү хааяа чимээ өгөөд сууж л байг л дээ. Уух усаа хэдэн давхар шүүлтүүрээр шүүж, өмсөх гутлаа хазаж, үнэрлэж, долоож байж авдаг атлаа төрийн бодлогоо 100-гаас дээш шүүлтүүртэй болгочихъё гэхээр ярвайж янцаглахаа болино уу, баярлалаа.

Р.Эмүжин

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *