Сибирийн их түймрийн утаа Улаанбаатарыг бүрхлээ

Өчигдөр Улаанбаатар хот орчимд утаа үнэртэж байснаа орой болоход цагаан утаа бүрхсэн билээ.

Энэ нь Сибирьт шатаж буй өргөн хэмжээний ойн түймрийн утаа бололтой. Красноярскийн хязгаараас Эрхүү, Алс дорнод хүртэл шатаж байгаа уг түймрийн хамрах хүрээ гурван сая гектар талбайд хүрсэн нь Европын Холбооны газар нутгийн хэмжээтэй дүйцэж байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Түймрийн хүрээ хойд талдаа Якут, Ханты Мансийск хүрч байгаа гэнэ.

ОХУ-ын онцгой байдлын яам өнөөдөр Красноярскийн хязгаар, Эрхүү муж, Краснодарын хязгаар болон Буриад улсын нутгийн зарим хэсэгт онц байдал зарлажээ.

Түймрийн утаа Новосибирск, Екатеринбург, Томск, Кемерово хотуудыг бүрхэж, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн байна.

Долдугаар сарын 13-наас хойш утаан дунд байгаа Красноярск хотод нөхцөл байдал хүндэрч, цусны даралт нэмэгдэж, толгой өвдсөн хүмүүс эмнэлэгт ирэх нь нэмэгдэж байгаа гэнэ.

Оросын хотуудын оршин суугчид хэд хоногийн өмнөөс Сибирьт онц байдал зарлаж, гал түймрийг унтраахыг эрх баригчдаас шаардаж change.org сайтад хөдөлгөөн өрнүүлсэн нь одоо 700 гаруй мянган хүнийг нэгтгээд байна.

2016 оны долдугаар сард Байгал нуурын орчимд ойн түймэр гарахад Улаанбаатар хот мөн хэд хоног утаанд автаж байсан билээ.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *