Хагас сая ам.долларын авлига авсан Киргизийн сайд асан 14 жил хоригдох ял сонслоо

Киргизистаны зам тээврийн яамны дэд сайд асан Азимкан Жусубалиевт авлигын хэргээр 14 жил шоронд хорих ял оноожээ.

Өчигдөр орой гарсан шүүхийн шийдвэрийг давж заалдахаа Жусубалиевын өмгөөлөгчдийн баг мэдэгдсэн байна.

Дэд сайд асан өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зам барилгын компаниас нийт $520,000-тай тэнцэх авлигын мөнгөний хэсгийг авч байгаад газар дээрээ баригдсан юм.

Авлигыг түүнд зуучилсан Болот Токтобаев зургаан жилийн хорих ял сонссон бол Италийн барилгын компанийн Казахстаны Алматы дахь төлөөлөгч Белхруз Гулрузов авлига өгсөн хэргээр хоёр сая сомын ($25,700 орчим) торгууль хүлээжээ.

Жусубалиевыг баривчлагдсаны дараа тус улсын зам тээврийн яамыг тойрсон олон нийтийн шүүмж эрчимжсэн тул ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков тус яамны сайд Жамшитбек Калиловыг албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргаж байв.

Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улс орнуудын нэгэн адил Киргизистан улсад авлигын түвшин өндөр байдаг. Үүнтэй тэмцэхийн тулд тус улсын парламент авлигын талаар мэдээлсэн иргэдэд тухайн авлигын хэмжээнээс хувь бодож шагнал олгох хуулийг нэгдүгээр сард баталсан юм.

Мөн мэдээлэл өгсөн иргэнийг засгийн газар хамгаалалтад авах хуультай болжээ.

source: ikon.mn

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *