Стивен Хокинг: Дэлхий 200 жилийн дотор устана, гэхдээ яаж?

Альберт Эйнштейнээс хойших хамгийн алдартай эрдэмтэн болох Стивен Хокинг одон орон болон физикийн ухааны салбарын гайхалтай нээлтүүдээрээ алдаршсан билээ. Тэрээр найман настайдаа уншиж сурсан ч оюутан байхдаа тун залхуу нэгэн байсан гэдэг.

Харин 21 настайдаа өвчнөөсөө болж бүх амьдралаа сансар судлалд зориулжээ. Түүний онолуудад манай дэлхий хэрхэн устаж үгүй болох талаар тайлбарласан байдаг ч дэлхий болоод хүн төрөлхтний ирээдүйн талаарх түүний үзлүүд нь заримдаа хэтэрхий гутранги байдаг.

Манай дэлхий хэрхэн төгсөх талаар Стивен Хокингийн дэвшүүлсэн таамаглалуудыг нэгтгэн хүргэж байна.

1. Генетикийн өөрчлөлттэй вакцинуудын гаж нөлөө

Гоц ухаантан хүн төрөлхтөн сансар огторгуйн сүйрлээс илүү өөр өөрийгөө устгах зүйлийг бий болгох болно хэмээн өгүүлжээ.

Нэлээд урт хугацааны өмнөөс л эрдэмтэд зарим хүнд өвчтөнүүдийг эмчлэхийн тулд генийн өөрчлөлттэй вирусуудыг бүтээж эхэлсэн бөгөөд үүнээс өөр аргаар хэрхэн хэрэглэж болох талаар ч бас шинэ нээлтүүд хийсэн юм. Жишээ нь, тэд хавдрын эсийг устгах чадвартай вирусыг бүтээсэн эрдэмтэд архинд донтсон хүний нейронуудыг удирдах зарчмаар согтууруулах ундааны хэрэглээг нь багасгах боломжтойг нээсэн байна.

Сүүлийн үед эм найруулагчид хүртэл ноцтой вирусуудыг нийлүүлэн холиод зогсохгүй хүн, амьтан, нохойн ДНК-г ч нэмэх боломжтой болжээ. Хамгийн гол нь бид халдварт өвчнөөс хамгаалдаг гэгддэг эдгээр вакцинын урт хугацааны дараа гарч болох үр дүнг тэр бүр ойлгодоггүйн дээр чухам ямар нөлөөлтэйг нь ч ойшоодоггүй.

2. Харь гаригийнхан манай дэлхийг сөнөөнө

Стивен Хокингийн үзэж буйгаар огторгуй ертөнцөд биднээс өөр амьдрал зөндөө байдаг бөгөөд тэд тийм ч нөхөрсөг биш гэнэ.

1983 онд эрдэмтэн Жеймс Хартлтай хамтран Агуу тэсрэлтийн үеэр хэрхэн дэлхий үүссэн талаар “Хязгаар үгүй” хэмээх онолоо танилцуулсан байдаг. Хожим энэ онол нь Стивен Хокингийн “Мультиверси” онолд илүү хөгжингүй болсон. Энэхүү онолоор бол манай сансар огторгуй нь Агуу тэсрэлтийн үед үүссэн олон огторгуйн ердөө л нэг нь аж.

Хэдийгээр биднийг огторгуй дахь цор ганц амьд биет биш гэдгийг батлах нотолгоо байхгүй ч харь гаригийнхан бусад амьд ертөнцийг атом болтол нь сөнөөх магадлал өндөр.

3. Дэлхий ертөнцийн төгсгөл ирнэ

Тэрээр хамгийн сүүлийн судалгааны ажил болох “A Smooth Exit From Eternal Inflation”-аа нас барахаасаа хоёр долоо хоногийн өмнө дуусгасан юм. Үүн дээр манай гариг ертөнц бусад оддын адил эрчим хүч, энергигүй болж, мөнхийн харанхуйд уусаж алга болно гэсэн байна. Тийм ч учраас түүний бодлоор хэрвээ бид амьд үлдэхийг хүсэж байвал өөр гариг ертөнц рүү шилжин суурьших хэрэгтэй гэнэ.

4. Роботууд хүнийг орлоно

Хэдийгээр Стивен Хокингийн өөрийнх нь амьдрал хиймэл оюун ухаан дээр суурилсан байсан ч тэр үүнд огтхон ч итгэдэггүй байжээ. Мөн тэрээр “Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн муу бүтээл” байж болох юм хэмээн хэлсэн тохиолдол ч бий.

Роботуудын одоогийн ашигтай байдлыг үл харгалзан ирээдүйд үүсгэж болох эрсдэлийг нь бодож үзэх хэрэгтэй гэж Хокинг сануулжээ. “Хүмүүс хиймэл оюун ухааныг зохион бүтээмэгц энэ нь өөрөө өөрийгөө дахин бий болгож, хурдтай хөгжиж эхэлнэ” хэмээн тэр зөгнөсөн байна. Хэрэв үнэхээр ийм зүйл болбол амьдралын шинэ хэлбэр нь хүн төрөлхтнөөс илүүрхэх магадлалтай.

5. Цөмийн зэвсэг хүн төрөлхтнийг үгүй хийнэ

Хокингийн бодлоор уур хилэн, ухаангүй зан ааш нь хүний хамгийн түрүүнд хаях ёстой зүйлс аж. Гэтэл одоо үед дайн самуун улам ихсэж, цэрэг армийн техник төхөөрөмжүүд улам хөгжингүй болсоор байгаа бөгөөд эдгээрийн их хэмжээний үйлдвэрлэл, хожим учрах үр нөлөө нь хүн гэдэг зүйлийн төгсгөл байж болох юм.

6. Бид өөр амьдрах гариг олох хэрэгтэй

Хэрвээ бид 100 жилийн дотор өөр шинэ гариг олж, амьдралаа эхлүүлэхгүй бол манай гариг “устах” аюулд хэдийнэ хүрсэн гэж Хокинг таамаглажээ. Хүн амын өсөлт, бохирдол, дэлхийн дулаарал зэрэг асуудлуудын улмаас бид олон гариг дээр амьдардаг, шинэ дэлхийг нээх хэрэгтэй болоод байна. Дэлхийг орлож болох гаригууд:

Дэлхийн дагуул саранд хэдийгээр агаар мандал байхгүй ч гэсэн хамгийн ойр орших объект учраас магадгүй байгалийн баялаг үүсэх боломж байж болох юм.

Ангараг гариг бол маш хүйтэн, хортой хөрстэй, тэвчихийн аргагүй уур амьсгалтай. Гэхдээ сайтар төлөвлөж барьсан байр байшин нь магадгүй хүн төрөлхтнийг оршин суух боломжоор хангаж мэднэ.

Церера бол Ангараг болон Бархасбадь хоёрын дунд оддын бүсэн дээр байрлах одой гариг юм. Сансрын нисгэгчдийн тооцооллоор уг гаригийн 25 хувь нь ус байх боломжтой.

Санчир гаригийн хамгийн том дагуул Титаны давуу тал нь гадаргын туяа, солирын борооноос хамгаалах агаар мандалтай аж.

Дэлхийн “үеэл” Kepler-452b нь биднээс 1400 гэрлийн жилийн зайтай оршдогоос гадна яг дэлхий шиг харагддаг. Гадарга дээр нь шингэн ус байх боломжтой ч ихэнхдээ маш өтгөн үүл манангаар бүрхэгдсэн байдаг учраас байнгын асуудал тулгарах магадлалтай.

7. Дэлхий галт бөмбөг болон хувирна

Агуу эрдэмтэн маань дэлхийг 600 жилийн дотор галт бөмбөг болон өөрчлөгдөж болно гэж таамаг дэвшүүлжээ. Энэ үе гэхэд дэлхийн хүн ам хэт өсөж, эрчим хүчний хэрэглээ дэлхийг шатааж, хүн төрөлхтнийг үгүй болгоно гэсэн байна.

Мөн тэрээр дэлхийн дулаарлын улмаас манай гариг Сугар гаригтай ижилхэн болох буюу дундаж температур 250 цельсийн градус хүртэл халах магадлалтай.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *