Төрийн ордны зүүн талын цөмөрсөн нүх хуучны траншей байжээ

Төрийн ордны зүүн талд газар цөмөрч, нүх үүссэн байсныг Тагнуулын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газраас холбогдох хүмүүс ажиллаж, хамгаалалтад авсан байсан юм.

Харин тухайн нүх нь хуучны траншей байсныг өнөөдөр олж тогтоосон талаар Цагдаагийн Ерөнхий газраас мэдээллээ.

Түүнчлэн хамгаалалтад аваад байсан цөмөрсөн нүх Тагнуулын байгууллага болон Төрийн тусгай хамгаалалтын газартай ямар ч хамааралгүй болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Кибер захын баруун урд талд Монгол хэвлэх ХХК-ий эзэмшлийн хашаанд үүссэн нүхэнд 2019 оны наймдугаар сарын 9-ний өдрийн 13:00 цагт ОБЕГ-ын үндэсний аврах ангийн дөрвөн хүнтэй баг доторх орчин, нөхцөл байдал, эрсдэлийг тодорхойлсны дараа ШУА-ын түүх археологийн хүрээлэнгийн археологич Г.Батболд, Ц.Буянхишиг нар орж ажиллажээ.

Тус нүх нь 10 метр урттай, таван метр өргөнтэй, дөрвөн талаараа байгалийн чулуун ханатай, шонгийн модоор эгнүүлж таазыг хийсэн, бохирын вааран хоолойтой, газарт нэг метр орчим гүн ус тогтсон траншейний байгууламж болохыг урьдчилсан байдлаар тогтоосон байна.

Мөн хажууд нь байрлах “Sentosa food court” нэртэй хоёр давхар барилгатай нэг цаг хугацаанд баригдсан барилгын ус зайлуулах байгууламж байсан аж.

Өчигдөр Нийслэлийн онцгой байдлын аврах 105 дугаар ангийн алба хаагчид үүсэн нүх рүү орж шалгахад 6*8 харьцаатай зоорь маягийн байсан учраас дотор нь соёлын өв байж болзошгүй гэж үзэн Соёлын өвийн үндэсний төвийн мэргэжилтнүүд ажилласан юм.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *