У.Хүрэлсүх: Б.Чойжилсүрэн, яасан цадаж ханадаггүй ШУНАЛ вэ

Тост тосон бумбын нурууг уул уурхайн компаниуд ухаж, Гурван тэс сумын алдартай Хөвдийн булаг, Хуршуутын гол болсон Баянбүрд ширгэж алга боллоо гэх таагүй мэдээ олон нийтийн анхаарлын төвд байна. Энэ асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Байгаль орчны сайд Н.Цэрэнбат, Уул уурхайн сайд П.Сумъяабазар болон цагдаа, тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзаж, үүрэг чиглэл өгсөн байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ “Сүүлийн үед уул уурхайн салбарт ажиллаж байгаа зарим нэг олигархууд Монгол төрийн хуулийг ихээхэн зөрчиж байна. Уул ус хилэгнүүлж, ард түмнийг уйлуулж байна. Та бүхэн радио телевизээр харж байгаа. Гурвантэс сумын нутгийн иргэд газар нутгаа хамгаалж уйлаад ярьж байна. Тэд төрөөс ерөөсөө юм гуйгаагүй. Газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг л хамгаалж үлдэх гэсэн. Байгалийнхаа онгон дагшин байдал, эко системийг бүрэн бүтэн авч үлдэх гэсэн ард түмний илэрхийлэл. Ард түмэн газраа ухуулахгүй гээд байхад яагаад газрыг нь ухаад байгаа юм. Анхнаасаа хууль зөрчиж олгогдсон гэж ойлгож байгаа.

Энэ асуудлаар хоёр гурван удаа үүрэг даалгавар өгч байсан. Нэр холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн гэж нөхөрт би хэд хэдэн удаа анхааруулж хэлсэн. Яасан цадаж ханадаггүй шунал вэ. Эх орныхоо газар сэндийчээд, ард түмнийг бухимдуулаад. Хувьдаа ашиг олно гэж сонгогддоггүй байх гэж бодож байна. Албан тушаалтнуудыг авлигаддаг байсан бол одоо ард түмнийг авлигадах гэж оролдож байна шүү дээ.

Гурвантэс сумын иргэн Нямдаваа гэж хүн хэлж байна. “Энэ уул уурхайг зогсоохын төлөө хөөцөлдсөний төлөө 3-5 сая төгрөгөөр амыг нь барих гэж оролдсон гээд иргэн хүн авлигын асуудлыг улс орон даяар ярьж байна. Яагаад цагдаа нар үүнийг шалгахгүй байна аа. Улаанбаатар хотод уулзалтад оролцохоор хэлэцүүлэгт ирсэн 40 орчим хүнийг авлигадах гэж оролдсон гэж хэлэлцүүлэгт оролцож байгаа хүмүүс радио телевизээр ярьж байна. Яагаад та нар үүнийг шалгахгүй байна вэ. Нүдэн дээр чинь авлигын хэрэг явагдаад байна. Нүдэн дээр чинь хууль зөрчөөд байхад яагаад шалгахгүй байна.

“Саудсгоби сэндс” компанид өгсөн ашигт малтмалын лиценз чинь хуурамчаар үйлдэгдсэн байна. Багийн иргэдийн хурал хуралдаж тогтоол шийдвэр гаргах ёстой байтал тэр хурлыг хуралдуулахгүйгээр албан тоот бичээд Байгаль орчны яам руу явуулчихсан. Хууль бусаар ашигт малтмалын лиценз олгогдсон байна. Яагаад олж харахгүй байна вэ. Байгаль орчны сайд аа, Уул уурхайн сайд аа. Цагдаа, тагнуулын даргаа. Хэрэг үүсгэж шалга. Шударга ёсыг тогтоох ёстой. Тост тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах ёстой. Өнөөдөр Байгаль орчны сайд та шийдвэрээ гаргаад энэ компанийн лицензийг цуцал. Би үүрэг өглөө шүү. Аваачаад тавьчихсан байгаа машин техник хэрэгслийг нь журамла цагдаагийн дарга аа. Өөрөө газар дээр нь очиж ажилла. Ард түмэнд хээл хахууль өгөх гээд байгаа нөхдүүдэд хэрэг үүсгэж шалга тагнуулын дарга аа. Нөхөн сэргээлтийг нь хийлгэ. Хэрвээ энэ ажлыг хийж чадахгүй бол та нар ажлаа өгцгөө. Өвлийн тэсгим хүйтэнд 30 мянган хүн Сүхбаатарын талбайд жагссаныг та нар битгий мартаарай. Энэ хүмүүс яах гэж жагссан юм бэ. Монгол Улсад шударга ёсыг тогтоож өгөхийг хүсч жагссан. Тэр итгэл найдварыг нь хуулийн хүрээнд хариулах үүрэгтэй. Монголын хууль шүүхийн байгууллага шударга ажиллана гэж итгэж байна. Одоо ашиглаж байгаа уурхайнуудаа л ашигла. Ийм л үүрэг даалгавар өгье. Сайд нар ажилдаа орцгоож болно.” гэлээ.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *