УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох санал дээр зөвшилцөлд хүрэхгүй байна

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр дөрөв дэх өдрөө хуралдаад түр завсарлалаа. Тус намын бүлгийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналууд дээр байр сууриа нэгтгэхээр ийнхүү дөрвөн өдөр хуралдаж байгаа аж.

Тодруулбал, УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох, сонгуулийн тогтолцоог холимог болгох, парламентын хугацааг таван жил болгох зэрэг асуудлаар санал нэгдэж чадахгүй байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Зөвшилцөөд шийдэлд хүрэхгүй байгаа гол асуудал нь гишүүдийн тоо. Ерөнхийлөгч “108 гишүүнтэй болгоё” гэсэн. Манай бүлэг энэ тоог “Хүлээж авахгүй” гэсэн. Тэгвэл дундын саналыг авъя гэсэн. АН нөгөө талаас “99 гишүүтэй болъё” гэсэн санал гаргасан” гэлээ.

Тиймээс МАН-ын бүлэг өнөөдөр дахин хуралдаж, гишүүд саналаа цаасаар өгөхөөр болсон байна. Түр завсарласан хугацаанд цаасан саналын хуудсыг бэлэн болгох гэнэ. Бүлгийн өчигдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн зарим заалт дээр санал хурааж, унасан саналуудыг ч хүчингүйд тооцож, дахин бичгээр дээрх гурван саналаар санал хураахаар болжээ.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *