Шулам Аматти: Хамгийн үнэтэй цүнхийг хамгийн том авлигчийн эхнэр барьсан байгаа!

“Соронз” сэтгүүлийн зөвшөөрөлтэйгөөр нийтлэв.

Залуусын зүрхэнд шар ус хуруулж, загварын тайзнаа хүртэл алхаж явсан түүнийг шулам Аматти нэрээр “Соронз” анх танилцуулж байлаа. Далд ертөнц хэзээд хүмүүсийн сонирхдог сэдэв хойно түүний будаг нь ханхалсан шинэхэн оффисоор ороод гарлаа. Эндээс л доорх яриа үүсэх эхлэл тавигдсан юм.

-Сайн байна уу. Энэ удаад таныг өөр шалтгаанаар зорьж ирлээ. Та хүмүүст зөвлөгөө өгдөг чамгүй хугацаа өнгөрлөө. Олны хөлд ч нэлээд дарагддаг бололтой?

-Сайн байна уу. Консалтингаа нээх гэж байгаа талаар өмнө нь би багахан мэдээлэл өгч байсан. Ер нь манайх яг цагаа олсон үед нээгдсэн гэж бодож байгаа. Монголчуудын хувьд хотынхоо төв рүү суурьшиж буй том нүүдэл явагдаж байна. Хөдөө, хот гэхээс илүү соёлын ялгаа маш их байна. Үнэндээ манай хотынхон ч нэмж соёлжих шаардлагатай болсон. Бид дэлхийн хүн төрөлхтөнтэй зэрэгцэж алхах цаг үе болчихсон.

Урлагийнхан, зохиолын хэдэн дуучид маань ч өөрчлөгдмөөр байна. Платье өмсөөд мод тэвэрч дуулах биш. Гадаадад ч зохиолын дууны жанр бий. Тэд яаж ийм гоё хувирч, орчин цагтайгаа хувцсаа уялдуулж байна вэ.

Тэгж байж бид дэлхийн тавцанд гарна. Энэ дотроо хот, хөдөө гэж нэгнээ ад үзэхгүйгээр дэлхийн тавцанд гарах хүнээ л бэлдэх хэрэгтэй. Тэрнээс биш гудамжаар явж буй хүнийг бид ганган болгоё гээгүй ээ.

Монгол хүнийг л дэлхийн тавцанд гаргая. Чи дэлхийн дуучин, модель болохыг хүсч байгаа юм уу. Дэлхийд танигдахыг хүсч байгаа юм бол бидэнтэй хамтрахаас өөр арга байхгүй.

-Хотынхныг соёлжуулна гэлээ. Тэд соёлтой биш гэж үү?

-Хотынхон соёлгүй байна шдээ. Хотын соёлыг хогоор нь авч үзнэ. Унаж буй машинаа хэр арчилж байгаагаар, байгальтай хэрхэн харьцаж байна, орц хонгилоор яаж явж байгаа ч хамаатай. Гудамж талбай өөрт нь хамаагүй юм шиг аашилдаг хэрнээ гэртээ хариад брэндийн цамцаа тайлахдаа биш байхгүй юу. Брэнд цамц өмсөөд биеэ яаж авч явж байгаад учир бий. Өнөөдөр хотынхон соёлгүй л байна. Наад зах нь цаг барьдаггүй, нэгнээ хүндэлдэггүй. Ер нь хүн төрөлхтөний соёл биенээ хүндлэхээс эхэлнэ. Хүний хамгийн үнэтэй зүйл цаг хугацаа. Тэгвэл үүнийг өөртөө эсвэл өрөөлд зориулахын тулд та цагтаа л багтаж, амжих ёстой. Хоёрдугаарт соёлтой хүн гэж гоё зангиа, цаг зүүгээд жигтэйхэн сайхан алхахын нэр биш.

Өрөөлд яаж хандах нь ч хамаатай. Халааснаасаа тамхи гаргаж татаад өрөөлийн цэвэрлэсэн шалан дээр хаяхыг соёл гэхгүй. Үүнд ч харилцааны том асуудал хөндөгдөж байгаа юм. Жишээ нь Миланы хөгшчүүл өөрсдийнхөө үндэсний хувцсаар л гоёж байна. Бид л тэрийг брэнд гэчихсэн болохоос биш. Armani, Versace нь тухайн улсынхаа үндэсний үйлдвэрлэл. Бид ч “Говь”, “Гоёо”-гоо өмсч болох уу. Тэгэхээр үндэсний бүтээгдэхүүнээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхөд ард түмэн нь нөлөөлж байгаа биз. Яг үүнтэй адил бид соёлжихын тулд хажуудахдаа хэлэх л ёстой. Машиныхаа цонхоор хог шидвэл шаардлага тавьж, шүлсээ хаявал арчуулсан ч яадаг юм. Бид нохойгоо сургадаг биз дээ. Гэрт шээхэд нь үнэртүүлэхээр тэр газраа дахиж шээдэггүй. Харин хүн яаж байна, гудамжинд шээсээр л байна.

-Тэгвэл хүмүүс юугаа өөрчлөх гэж, юу хүсч таныг зорьж ирдэг юм бол?

-Хүн ямар ч асуудлаар ирж болно. Арай намайг урт наслуулаач гэж ирэхгүй байлгүй дээ, тийм ээ. Тэр хүн юу хүсч ирэх нь хамаагүй, бид тэр хүнийг хэн болгож, юу хүсүүлэх вэ гэдэг бидний зорилго. Түүнээс биш кофе ууж суръя гэвэл уулгаад л сургачихна. Энэ бол сонин биш.

Харин хүн гэдэг агуу том хувь заяанд нь дүйцүүлж тэр хүний дотроос өөрийг нь хайж, нуугдсан, магадгүй өөрийн мэддэггүй хүсэл мөрөөдлийг нь чиглүүлж өгнө. Юу хүсч ирэх нь ёстой л тэр хүний асуудал. Харин манайхаас юуг хүсээд гарч байгаа юм бэ, юуг бүтээх юм бэ гэдгийг олох нь чухал.

Та зүгээр л “Chanel-ын гутал явж байна” гэж хэлэгдэх ёсгүй!

–Танай оффисын өнгөний зохилдлогоо сонирхолтой юм. Ер нь өнгө хүний амьдрал, ажил үйлс, хувь заяанд ч нөлөөлдөг гэх нь бий. Үнэхээр тийм чухал хэрэг үү?

-Өнгө маш чухал. Хүн 5-н мэдрэхүйгээрээ аливааг мэдэрдэг. Хамгийн түрүүнд өнгө байдаг. “Үлэмжийн чанар” дуу яагаад алдаршсан юм бэ. 5-н мэдрэхүйн тухай л өгүүлсэн шүү дээ. Үнэхээр сайхан царайг чинь үзээд үзээд ханашгүй гэж нүдийг хэлдэг. Хүн хамгийн түрүүнд нүдээрээ хардаг. Тэр хүн ямар өнгө анх харснаас шалтгаалж хүсэл мөрөөдөл болон айдас түгшүүр төрдөг.

Яагаад галзуу хүмүүст улаан өнгө харуулж болдоггүй юм. Улаан өнгө бол цус. Бод доо, газар ямар нэгэн улаан будаг эсвэл аньсны варенье асгарсан байвал шууд цус л гэж хардаг. Тиймээс өнгийг яаж тайлах нь чухал. Өнгө бас үнэртэй. Анх удаа сонсож байж магадгүй юм. Өнгө үнэр, хэмжээ, өөрийн гэсэн эрчимтэй байдаг. Яагаад хэмжээтэй гээч, хар өнгийн хувцас өмсөхөөр хүн жижигхэн болчихдог. Тэр хүн өөрөө өөрчлөгдөөгүй биз дээ. Харин цагааныг өмсвөл тэлчихдэг. Өнгөний цаана маш олон нууц бий. Энэ зүгээр л эхний хэсэг.

–Тэгвэл өнгөний үнэр гэхээр юу гэсэн үг вэ?

-Ямар ч хар өнгөнөөс ус, ямар ч шар өнгөнөөс шороо үнэртдэг. Тиймээс ардын уламжлалт анагаах ухаанд таван махбодь гэж ярьдаг шүү дээ. Гал, шороо, хий гэхчлэн бүгд өнгийг илэрхийлж байгаа. Тэр л үнэртдэг гэсэн үг. Улаан виноноос ч цус үнэртдэг. Бидний таван цул эрхтэн тэгш байж эрүүл амьдардагтай адил таван өнгө аль нэг нь давамгайлна гэсэн зүйлгүй. Байгаль маш гоё өнгөтэй шүү дээ. Тэгвэл яагаад өнөөдөр байгаль гундаад, хүмүүсийн өвчлөл ихсээд байгаа юм. Шууд хамааралтай байгаа биз дээ. Тэр өнгө бид нарт харагдахаа больчихсон.

Жишээлбэл цэв цэнхэр тэнгэр харагдахаа больсон, ихэнх улсад шүү. Манайд байна, гэхдээ одоохондоо байна. Цэв цэнгэг ус байхгүй больсон. Үүний хэрээр хүн төрөлхтөн мөхөж байгаа биз дээ. Энэ л байхгүй юу.

-Юмсын байршил, интерьер ч тухайн байгууллагын амжилт, хувь хүний ажилд нөлөөлөх үү?

-Хамааралтай байлгүй яахав. Бүр шинжлэх ухаан талаасаа хөгжсөн шүү дээ. Манайхан л фэн шүй гээд зөвхөн хятадаас гаралтай гэж боддог. Тэгвэл фэн шүй талаас нь яривал энэ нь монголоор арга билиг. Арга билгийн хослол гэж айхтар том ухагдахуун бий. Манайхан үүнийгээ гээчихсэн. Ингээд фэн шүй рүү хошуурчихсан. Үнэндээ энэ арга барил дээр суурилсан бизнес болчихсон. Нугас, хонхоо шүтээд зөв зүгтээ тавьсан байлаа гэхэд зарж байгаа хүнийхээ арга заслаар биш шүтэж байгаа хүний аргаар засагдаад хөөрхий минь, өдий хүртэл домноод байгаа юм.

Гэхдээ тухайн улс оронд ямар арга засал, ухааныг дээдэлдэг байснаар улс орон хөгждөг. Бид Чингисийн монгол байх үедээ хамгийн хүчирхэг байсан. Тэр үед ямар шашин дэлгэрч, юуг шүтдэг байсан юм, тэнгэрийг л шүтдэг байсан шүү дээ. Тэнгэр шүтнэ гэдэг бид нар өөрсдийнхөө өвөг дээдэс, аав ээжийг хайрлаж байна гэсэн үг. Өрөөлийн аав, ээж биш. Өргөж авсан аав ээж нарт сайн хүмүүс байлгүй яахав. Гэхдээ үхлийн ирмэгт очиход тэр аавын цус аварч чадахгүй шүү дээ. Үүнийг л хэлмээр санагддаг. Яг үүнтэй адилхан зүг чиг, булан тохойд юу байрлуулснаараа тэр хүний амьдрал дээшилдэг үү гэвэл тийм. Тэр зүгийн ивээгч гэж бий. Амьтай болгон сүнстэй, амьгүй болгон эзэнтэй гэдэг.

Тэгэхээр ямар нэгэн зүгийг ивээж байгаа эзэн байгаа. Ер нь байршлын хувьд монгол гэрээ л бодох хэрэгтэй. Баруун, зүүн талд юу байрладаг, тулга яагаад дундаа, цонх яагаад дээрээ байдаг юм. Энэ л хамгийн зөв тогтолцоо. Дэлхийн хүн төрөлхтөн ч дугуй байшин бүтээгээд эхэлсэн байна шдээ. Тундрийн туяаг харах шилэн гэр барьчихсан байна.

“Аав аа намайг авраач” гэл үү аварч харагдаач!

-Манайхан шашин шүтэхдээ хэт туйлшраад байх шиг?

-Харамсаад байгаа зүйл юу гэхээр өөрийн эцэг эхээ адласан хэрнээ хүний эцэг эхийг хайрлах юм. Яг үнэндээ яс, цус чинь хэнээс бүрэлдсэн бэ гэдэг чухал. Шашны хувьд би ингэж ойлгодог. Харин тэнгэр үзэл гэдэг шашин биш, зөв сэрж, зөв амьдарч, зөв хөгжих ухаан. Америкчуудын дээр ч тэнгэр байдаг учраас шүтэж болохгүй гэсэн зүйлгүй. Яагаад тэнгэр гэдэг гэвэл хамгийн дээд оргил, чиний хамгаалагч л гэсэн үг. Түрүүн хэлсэнчлэн чамайг цус алдаад үхэх гэж байхад хэний цус чамд хэрэгтэй вэ гэдэг л байхгүй юу.

Үнэнийг хэлэхэд архичин байсан ч аавын чинь, янхан ч байсан ээжийн чинь л цус хэрэгтэй. Хүний амьдралд цаг зуурын зовлон бэрхшээл юу ч тохиолдож болно. Үүнийгээ өөрийн ээж аавдаа нялзаагаад өрөөлийн эцэг эхийг гоё сайхан гээд хамт амьдарч байгаатай адил, харийн шашин шүтэгчид. “Аав аа, намайг авраач, ээж ээ, намайг авраач” гээд байсан аварч харагдаач. Харин “намайг ашиглаач” гээд их зөв үг хэлчихсэн /инээв/. Үнэхээр л тэр эмэгтэй ашиглуулж байгаа байхгүй юу.

-Таныг аялал зохиох гэж байгаа гэж дуулсан. Өчнөөн аяллын байгууллагууд байхад та яагаад аялал зохиох болов. Зорилго бий байх?

-Шударга хэлэхэд өнөөгийн монголчуудын дундаж амьдрал муу мөртлөө томоохон mall-ын ганц гутлын үнэ бараг нэг хүний амьдралыг хэдэн сараар тэтгэхээр байгааг анзаарсан байх. Авлига хөгжсөн улсад ийм нийтлэг зүйлс харагддаг. Тэр гутлаа цүнхтэй нь хослуулж авах үнээр тухайн загварын хотод очиж, өөрийг тань илэрхийлэх, үзэл бодлыг чинь өөрчлөх аялал байгаа юм. Та хулгайн ганц гутал, цүнхээ худалдаж авахаа жаахан азначих. Түүгээр юу авч болох вэ, гутлаас цааш юуг үзэж харж болдог вэ гэдгийг авах зүйлээр нь дамжуулан нүдийг нь нээмээр байна.

Бидэнд таалагдсан тоотой хэдхэн хүнтэй аялал байгаа юм. Үүн дээр бид нарт таалагдсан гэсэн цензур бий. Манайх худалдааны байгууллага биш учраас танд таалагдах албагүй. Өөрийгөө өөрчлөх хүсэлгүй ямар ч хүн бид нар дээр ирээд хэрэггүй. Өөртөө сэтгэл ханамжтай байвал “бүх гутал 5000”-аа өмсөөд явж байна л биз дээ. Эсвэл хэн нэгний хулгайлж авчирсан, хар мөртэй, эсвэл A copy зүйлээ өмсөөд явж байна биз. Гэхдээ үнэхээр манайх авлигаар л эдгээрийг авдаг байх. Ер нь Монгол улсад хамгийн үнэтэй цүнх барьж байгаа хүн хамгийн том авлигачийн л эхнэр байгаа шдээ.

–Хувцаслалтын тухайд ч шүүмжлэлтэй, хэлмээр санагддаг зүйл байдаг юм шиг санагдлаа?

-Манайханд бүх брэндийг хольж өмсөхөөрөө бусдаас ангид гээд бодчихдог. Эсрэгээрээ бүх брэндийг холихоороо бусдаас доор орчихдог. Тэр брэндгүйгээр энэ хүн хэн бол. Брэнд л өмнөөс нь хашгирдаг. Уг нь хэн нэгэн өөрөө хашгирах ёстой биз дээ. Жишээлбэл олон сэтгүүл дотроос “Соронз” харагдахад “Соронз”-ыг л авдаг. Хэн нэгэн ороод ирэхэд “Өө Chanel гутал өмсчихөж” гэвэл тэр хүн зүгээр л “Chanel-ын гутал” болчихож байгаа биз дээ. Ингэмээргүй байна. Gucci-гийн цүнх барьсан ч тэр хүн хүмүүсийн нүдэнд харагдаж, чихэнд сонсогдох ёстой.

Хэн нэгэн хувцсаар нь дүгнэх ёсгүй. Хэрэв чи чадалтай бол чамайг хэн ч хувцсаар чинь дүгнэхгүй. Сонин нөмрөөд явж байсан ч дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мундаг хүмүүс байна. Харин тэд эсрэгээр LV цүнх баривал үнэлэмж нь навс унана. Тэгэхээр өөрийнхөө үнэ цэнийг өндөрт өргөх ёстой байхгүй юу. Өөрийнхөө үнэ цэнийг өндөрт өргөж, аливаа зүйлд зогсож чаддаг, шунаг хүслээ барьж чаддаг, бусдыг давах хүслээ дарж чадаж байгаа нь хамгийн ухаантай. Ялангуяа урлагийнхан тайзны стандарт хангаж чадахгүй бол өөрийгөө зогсоох хэрэгтэй. Тайзны стандарт хангахгүй гэж түмэнд харагдахаасаа ичнэ гэдэг урлагийн хүний хамгийн том соёл шдээ.

Тэгэхгүй энд тэндээс нь арав жарын хиам боочихсон юм шиг авгай гарч ирээд дуулаад байвал өөрийнхөө өмнө бүтээсэн түүхээ устгаж байгаа байхгүй юу. Ялангуяа урлагийнхан дотор зогсож чаддаг хүн үүрд мөнх, авьяаслагаараа дурсагдаж үлддэг. Мэрилин Монро ч гоо сайхнаараа хүний нүдэнд үлдсэн. Мэрилин Монрог одоо амьд гээд бод доо. Хэн ч тоохгүй америк шар авгай л байна. Цагтаа сайхан байсан гэнэ лээ гэж ярина. Гэхдээ хүнийг үх гэсэнгүй. Яг гоё оргил үедээ л зогсож чадах хэрэгтэй. Мэрилин Монро дээр л энэ зогсолт үхлээр илэрхийлэгдэж байгаа юм. Амьд буй алдартнууд үхэж биш, зогсож өөрийгөө үлдээгээсэй гэж боддог.

–Ингэхэд таны малгайнууд анхаарал татлаа. Малгай цуглуулах хоббитой юм уу даа?

-Би шляпан малгай цуглуулдаг. Ёстой хаанаас бол хаанаас захиалж авчруулдаг. Хүн төрөлхтөний дэвшилтэт өөрчлөлттэй холбоотой учраас мөн тэргүүнд залдаг гэсэн үүднээс малгай цуглуулдаг юм. 90-ээд оны сүүлээр ийм загвартай малгай их өмсдөг байлаа. Гэхдээ өмсөхөө больсон хэрнээ цуглуулга маань 100 гаруй болсон. Малгай бүр маань өөрийн нэртэй, тэднийгээ маш хайрладаг. 1999-2000-он хүртэл өмссөн энэ шляпандаа маш хайртай. Гоё дурсамжтай учраас миний хувьд хамгийн үнэ цэнэтэйд тооцогддог.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Минжинсор

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *