Хөвгүүдийнхээ өлмийд дэвсэх шүлэг

Энгэрт эрхэлж, хормойд зүүгдэн
Эгэлхэн гэрт минь багтаж өссөн атлаа
Дэлхийн дээвэрт хараа сунгаж
Дэндүү алсад санаа хулждаг
Хөвгүүддээ би хайртай

Эрххэн духаа уруулд дэвсэн
Энгэрт минь хяран эрхэмсдэг атлаа
Улс орон, уугуул нутаг усаа
Уужим ухаандаа тэвэрч хайрладаг
Хөвгүүддээ би хайртай

Аавын гэрээс жигүүр дэлгэхийн цагт
Амьдралын нугачаанд гундах үе ирнэ
Ээжийн дэргэдээс далавч дэлгэхийн цагт
Эгшиг дутан гундах үе ирнэ

Өндрөөс буусан бүргэдэд газар заримдаа хатуу
Өврөөс ниссэн шувуухайд орчлон заримдаа хэцүү
Намар намрын бороонд жиндэж даарахын цагтаа
Насан багын голомтоо тэмцээд ирэхэд нь хайрлаарай

Нулимсаа нууж өнчирдөг эр хүний сэтгэл гунигтай
Нуурандаа хоргодож өвөлждөг эр хунгийн далавч шархтай
Эр ганц эндэхэд нь эцгийн ухаанаар сургаж
Эмээлт мориндоо дөрөөлөхөд нь эхийн сүүгээр үдээрэй

Хөлчүү дарсны аагинд хөл алдахад нь түшиж
Хүний гэгээн хорвоод буцааж авчраарай, үрээ
Хүсэл хүслийн хязгаарт алдаж болдог орчлонд
Хүйтэн салхинд уруудахад нь хань болоорой, үрдээ

Ханийнхаа хажууд жарган харихаа мартаж эндэнэ
Хайрлахын ухаанд сургаж хатуу үгээ хэлээрэй
Томоожиж ухаарах насандаа тоонотдоо эргэж тухална
Толбот зүрхэндээ нөмөрлөн балчир багынх шиг нь эрхлүүлээрэй

Оргилоос оргилд тэмүүлэхэд нь битгий зэмлээрэй, хүүгээ
Омог бардам зүрх нь эр л хүнийх юм шүү
Тэнгэрийн өндрийг мөрөөдөхөд нь битгий басаарай, хүүгээ
Тэмцэж босох заяа нь эр л хүнийх юм шүү

Ээдэж, шаналахын зовлонд сөгдөхөд нь тайтгаруулаарай, үрээ
Эрчүүдийн зүрх галтай байхад эх орон минь эзэнтэй
Эргэх улирлын өнгөнд эрдэхэд нь ташуурдаарай, үрээ
Эрчүүдийн ухаан голтой байхад төр улс минь голомттой

Нүцгэн амьдралын нөмөр түшиг миний хөвгүүд
Нүүдэлчин удмын дээлтэй зориг монгол хөвгүүд
Холын уулсын холбоо тэргүүн миний хөвгүүд
Хонгор сэтгэлийн ховорхон нулимс монгол хөвгүүд

Хөвгүүддээ би хайртай. Р.ЭМҮЖИН.2013.