Нэгэн Хятад залуу эхнэрийнхээ бүтэн жил идэх хоолыг бэлдэж орхиод, “цэрэгт” явжээ!

27 настай Хятад залуу Ен Енфин нь Төвдөд байрлах цэргийн тусгай хэсэгт алба хаадаг байна. Жилд ердөө ганц удаа гэртээ ирдэг залуу, эхнэрээ ямар завгүй ажиллаж, ар гэрээ авч явааг хараад эрхгүй сэтгэл нь зовниж эхэлсэн аж. Залуу эхнэртээ бага ч атугай туслах зорилгоор бүтэн жилийн турш идэх 1000 гаруй банш, 70 өөр төрлийн хоол бэлтгэж орхижээ. Баярлаж гайхсан эхнэр нь энэ тухайгаа олон нийтийн сүлжээнд цацсан даруйд дэлхий нийтээр шуугиж, залуу тэр дорхноо од болсон байна.

Залуу 1000 ширхэг банш, 150 литр гоймонтой шөл бэлтгэсэн бөгөөд энэ бүгдийгээ хөлдөөгчинд хийж хөлдөөсөн бөгөөд үлдсэн хэсгийг нь ойролцоо амьдардаг найз нөхөд болон хамаатнуудынхаа хөлдөөгчинд аваачиж хийжээ. Мэдээж энэ бүхнийг харсан бүсгүй маш их гайхаж, хэлэх үгээ олж ядан баярласан нь гарцаагүй.

Түүний эхнэр 26 настай, багш мэргэжилтэй, Зау Май гэх бүсгүй аж. Нөхөр нь цэргийн бааз руугаа буцаад явахдаа “Чи минь ажилдаа анхаарч, илүү зүйлд сэтгэлээ зовоох хэрэггүй ээ. Чамдаа бага ч атугай тусалж чадсан гэж найдаж байна” хэмээн зурвас үлдээсэн байж.

Залуу зөвхөн хоол хийж үлдээх бус, бусад үедээ идэж толгойгоо сэргээж байх амттанг ч уут уутаар нь авч, хөргөгчинд хийсэн байв. Мөн маш олон зурвас үлдээж тэрэн дээрээ “Миний хайр уур нь хүрч, бухимдаад байна уу? Тэгвэл диваны ард амттан нуучихсан байгаа тэрийг аваад идээрэй”, “Миний хайр толгой нь ажиллахгүй хэцүү байна уу? Тэгвэл хөргөгчний баруун хаалганд шоколад хийсэн, тэрийг аваарай”, “Миний хайр ядраад байна уу? Тэгвэл гал тогооны шүүгээнд нуучихсан байгаа эрч хүчний ундааг уугаарай”, “Миний хайр ханиад хүрчихсэн үү? тийм бол орны баруун шүүгээнд байгаа эмийг уугаарай” гэхчлэн өдөр бүр унших захиа үлдээсэн байв.

Бүсгүй энэ тухайд “Манай гэр яг л үлгэрийн орон шиг болчихсон. Энд тэнд юм хайхаар төрөл бүрийн амттан гараад ирдэг, би өглөө болгон хайрынхаа үлдээсэн зурвасыг уншаад, юмаа хайж олоод ажилдаа бөөн эрч хүч гараад явдаг. Хэдий тэр маань хол байгаа ч, яг л хажууд байгаа юм шиг санагддаг” хэмээжээ. Хосуудын энэхүү нандин харилцаа, хайр дурлал олон хосуудад үлгэр жишээ болж, эерэг хандлагыг түгээсэн юм.