Ая зохиогч Г.Ганг өвчний улмаас нас баржээ

“Madness” хамтлагийн анхны соло гитарчин, ая зохиогч Г.Ганг өнгөрсөн шөнө /2019.09.20/ өвчний улмаас тэнгэрийн орноо одож, Монголын урлагт нөхөж барашгүй уй тохиолоо. Г.Ганг гайхалтай уран бүтээлч байсан. Тэр ая зохиохоос гадна дууны үг ганган бичдэг дахин давтагдашгүй аялгууг зүрх сэтгэлээрээ амилуулдаг гайхалтай авьяас билэгтэй уран бүтээлч байлаа.

Номин талст хамтлагийн “Чинийх” дууных нь үг, аяыг Г.Ганг ганган бичсэн. Мөн “Зөрлөг” киноны дуу “Халамцуу салхи”,“Киви”-д зохиож өгсөн “Хайр нь арын нь даана”, “Маднесс”-ын Сайхнаагийн дуулдаг “Амьдрал чамд” дууг хэзээ ч, хэд ч сонссон уйддаггүй.

Түүнийг дуучин Daisy-гийн нөхөр гэдгээр илүү сайн таньж болох юм. Рок, попын хамгийн өвөрмөц, авьяаслаг энэ гэр бүлийн хоёр уран бүтээлийн маш сайн хамтрагчид байсан. Г.Ганг Daisy-гийн уран бүтээл, цомгийн ажлын бараг 70 хувийг нугалдаг гэдгийг хайрт гэргий нь нэгэн ярилцлагадаа хэлж байжээ. Ая зохиогч Г.Гангийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, ах, дүү хамаатан садан, анд найз, журмын нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье