Дүрвэж ирээд өлбөрч нас барсан ээж хүүгийн дурсгалыг хүндэтгэн жагсжээ

Сөүл хотын төвд хэдэн зуун иргэд өнгөрсөн зун Хойд Солонгосоос дүрвэж ирээд идэх хоолгүйн улмаас өлбөрч нас барсан эх хүү хоёрын дурсгалыг хүндэтгэн, Өмнөдийн эрх баригчдыг дүрвэгсдэд анхаарал хандуулахыг шаардан жагссан. Ингэхдээ жагсагчид нас барсан эх хүү хоёрын зургийг хоосон австай хамт өргөөд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн ордны зүг жагсчээ.

Талийгаач эмэгтэй анх 2007 онд Хойд Солонгосоос Хятад руу зарагдаж Хятадад иржээ. Хятадууд Хойд Солонгосоос охид эмэгтэйчүүдийг Солонгос эрчүүдэд зарах, хүчээр гэрлүүлэх тохиолдол их байдаг. Ийнхүү хэсэг хугацааны дараа тэр нөхөртэйгөө хамт Сөүлд ирж амьдрах болсон байна. 2015 онд нөхөр нь ажлаасаа цомхотголоор халагдаж, тэд дахин Хятад руу явж ажиллахаар шийджээ. Тэндээ ажиллаж байгаад өнгөрсөн жил нөхрөөсөө салсан бүсгүй хүүтэйгээ эргээд Сөүлд ирсэн ч хүү нь хөгжлийн бэрхшээлтэй учир ажил хийх боломжгүй байжээ. Бичиг баримт дутуу учир ээж хүү хоёрт Өмнөд Солонгосын Засгийн газраас дүрвэгсдэд олгодог тэтгэмж олдоогүй байна.

Долдугаар сарын сүүлээр Сөүл хотын нэгэн нийтийн орон сууцнаас 42 настай Хан Сун Ок, түүний хүү зургаан настай Ким Дон Жин нар өлбөрч үхсэн байдалтай олджээ. Тэд байрны түрээсээ олон сар төлөөгүй учир байцаагч шалгахаар ирэхэд эх хүү хоёрын муудаж өмхийрсөн цогцос угтсан байна. Гэрт нь шалгалт хийхэд нэг ч идэх юмны төрлийн зүйл байхгүй, цогцос нь хэт ялзарч муудсан учир задлан шинжилгээ хийх ч аргагүй байсан учир өлбөрч нас барсан гэх дүгнэлтэд хүрчээ.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *