М.Анхцэцэг дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов

Тайланд улсын Паттаяа хотноо болж буй 2019 оны хүндийн өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ОУХМ Мөнхжанцангийн Анхцэцэг эмэгтэйчүүдийн 81 кг-н жинд өрсөлдөж, огцом өргөлтийн төрөлд хүрэл медаль хүртлээ. Ингэснээр ОУХМ М.Анхцэцэг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой хүрэл медаль хүртэв.

Жиндээ В группт багтсан ОУХМ М.Анхцэцэг огцом өргөлтөөр 110 кг өргөхдөө Монгол улсынхаа рекордыг шинэчлээд зогсохгүй тус төрөлдөө хүрэл медалийн болзол хангасан юм. Огцом өргөлтийн төрөлд БНСУ-ын тамирчин Ли Жи-Ен 111 кг өргөж, алтан медаль хүртсэн бол мөн БНСУ-ын тамирчин Ким Су-хён 111 кг өргөсөн амжилтаар мөнгөн медаль хүртжээ.

Харин энэ жинд нийлбэр дүнгээр Бээжингийн олимпийн мөнгөн медальт, 2017 оны дэлхийн аваргын алтан медальт Колумби улсын тамирчин Л.Солис 247 өргөж, алтан медаль, АНУ-ын тамирчин Ж.Артур 245 кг өргөж, мөнгө, Испаний Л.Валентин 246 кг өргөснөөр хүрэл медаль хүртжээ. Манай тамирчин М.Анхцэцэгийн хувьд огцом өргөлтөөр 110 кг өргөсөн бол түлхэлттэй өргөлтөөр 127 кг, нийлбэр дүнгээр 237 кг-г өргөж жиндээ 8-р байранд оржээ.

Дэлхийн аваргын хошой хүрэл медальт М.Анхцэцэгийн хувьд 2017 оны ДАШТ-д мөн огцом өргөлтөөр хүрэл медаль хүртэж, Монгол Улсын анхны хүндийн өргөлтийн дэлхийн аваргын медальтан болж байснаас гадна 2016 оны Залуучуудын ДАШТ болон ААШТ-д түрүүлсэн анхдагч Монгол туйванч болж байсан юм. Тэрээр өнгөрсөн жил ээж болоод анхны үрээ өлгийдөн аваад байсан ОУХМ М.Анхцэцэг гурван сарын дараа энэ 2019 оны гурадугаар сард их спортдоо эргэн ирсэн.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *