Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй боксчин М.Нандинцэцэг

Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-2019 ОХУ-ын Улаан-Үүд хотноо болж байна. Бид энэ удаагийн спортын танилцуулга буландаа сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальтан олон улсын хэмжээний мастер Мягмардуламын Нандинцэцэгийг онцоллоо.

“Тууштай зүтгээд бай. Амьдрал миний охиныг амжилтаар шагнана” гэсэн багшийн захиас намайг боксдоо үнэнч үлдэхэд их нөлөөлсөн” гэж хэлдэг тэрбээр дэлхийн дэвжээнд өдгөө долоо дахь удаагаа тулалдаж байна. Түүний хувьд сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн анхны Монгол тамирчин болсноороо энэхүү спортын түүхэнд том гавьяа байгуулсан.

Монгол Улсад боксын спорт үүсээд 71, эмэгтэй бокс хөгжсөний 21 жилийн ой тохиож байна. ОУХМ М.Нандинцэцэг нь 1988 онд Эрдэнэт хотод төрсөн. Айлын том охин, хоёр дүү болон аав ээжийн хамт Улаанбаатар хотод амьдардаг. Түүний аав Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ажилладаг аж. Харин ээж нь хувийн цэцэрлэгт тогооч хийдэг. Дэлхийн дэвжээнд хүрэх Боксын спортын эхлэлийг тавьсан хүн бол сургуулийн биеийн тамирын багш Х.Хүдэрбаатар гэж тэрбээр бахархаж ярих дуртай. Мөн дасгалжуулагч Л .Энхбаатарын анхны эмэгтэй шавь гэдгээрээ онцлогтой.

М.Нандинцэцэг боксын спортоор 2003 оноос хойш хичээллэж байгаа бөгөөд энэ хугацаанд сүүлийн 12 жилийн турш УАШТ-ийг тасралтгүй тэргүүлж, Азийн АШТ-ийн алт, хошой хүрэл медаль энгэртээ зүүжээ. Мөн Азийн наадмын хүрэл, Дэлхийн аваргын хүрэл медаль хүртэж дэлхийд данстай тамирчин болжээ. Анх аав ээж нь боксын спортод орно гэхэд нь арван жилийн сурагч байж хичээлээ хийхгүй дээрээс нь эмэгтэй хүүхэд байж юун бокс гэж ихэд дургүйцэж байсан гэдэг.

Бэлтгэл хийж эхлээд удаагүй байхдаа анхны тэмцээнээсээ хүрэл медаль хүртсэн цагаас эхлэн аав, ээж нь одоог хүртэл дэмжиж байгаа ажээ. Мөн охиноо бэлтгэлээс ядраад ирэхэд массаж хийж өгч, ард талыг нь бат хамгаалдаг аав, ээж хоёроор Монголчууд бахархахгүй байхын аргагүй ээ.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *