Японд нас барагсдын тоо 66 болж, гэрэл цахилгаангүй байна

Японыг дайрсан хүчтэй далайн шуурга, үерийн гамшгаас болж нас барагсдын тоо 66 болж нэмэгджээ. Аврагчид сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагааг гурав дахь өдрөө үргэлжлүүлж байгаа тул хохирогчдын тоо өсөх хандлагатай байна. Түүнчлэн 133 мянган өрх үерийн улмаас огт гэрэл цахилгаангүй, ундны усгүй байгааг эх сурвалжууд мэдээлжээ.

Японы засгийн газраас сэрэмжлүүлсний дагуу ард иргэд бэлтгэлээ хангалттай базаасан ч хүчтэй далайн шуурганы үеэр 200 гаруй хүн гэмтэж бэртжээ. Японы хойд хэсгийн Фукушима мужид хамгийн олон буюу 25 хүн нас барсан ба Абукума гол үерлэснээр ойр орчмын айлуудыг усанд автуулжээ. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ далайн шуурга, үерийн дараах эдийн засгийн сөрөг үр дагавар өндөр байхыг анхааруулжээ. Сангийн сайд Таро Асо байгалийн гамшгийн дараах бүтээн босголтод улсын хуримтлалын сангийн 500 тэрбум иен буюу ойролцоогоор 4.6 тэрбум ам.долларыг зарцуулахаар төлөвлөсөн байна.

 

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *