“Автобус тоормосгүй болсон учраас осол гарсан” гэсэн мэдүүлэг өгчээ

Ар гүнтийн давааны орчимд өнөөдөр 10:00 цагийн үед 33 хүний суудалтай Дотоод хэргийн их сургуулийн ажилчдын зорчиж явсан том оврын автобус осолдож долоон хүн амь насаа алдаад байгаа юм. Хэргийн талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Лхагважаргалаас тодруулахад “Ослын улмаас газар дээрээ зургаан хүн, эмнэлэгт хүргэгдээд нэг хүн нас барж, 20 гаруй хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн.

Дотор нь тус сургуулийн ажилчид зорчиж явсан нь үнэн. Одоогоор хэргийн газар Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн ажиллаж байна.

Урьдчилсан байдлаар тухайн автобусны жолоочийг ямар нэг согтууруулах ундаа хэрэглээгүй гэж дүгнэж байгаа бөгөөд жолооч “автобус огт тоормосгүй болсон учраас осол гарсан” гэх мэдүүлгийг өгсөн. Үүнийг Тээврийн цагдаагийн албанаас шалгаж байна. Тухайн тээврийн хэрэгслийг оношилгоо, үзлэгт оруулан шалгаж байж жолоочийн мэдүүлэг үнэн эсэх нь тогтоогдоно” гэв.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *