УДБЭТ-ын гоцлол дуучин, МУСТА О.Хүрэлбаатар: Дэлхийн дуурийн урлагт МОНГОЛ гэдэг нэрийг тодоос тод гэрэлтүүлэхийг зорьж байна

Сайн байна уу? Сайхан намаржиж байна уу? Таныг тоглолтоо хийх нь гэсэн сургаар зориод ирлээ…

Сайхан намаржиж байна. Зорьж ирсэнд баярлалаа. Тоглолтын бэлтгэл гээд нэг иймэрхүү л сууж байна даа.

Тоглолтынх нь талаар ярихаасаа өмнө дуурийн урлагт хөл тавьж байсан талаар яриагаа эхлэх нь зөв болов уу? Эсвэл бүр урлагт ч гэх юм уу?

Тэгэлгүй яахав, баярлалаа. Би Улаанбаатарын унаган хүүхэд ч гуравдугаар ангид ордог жилээ Сүхбаатар аймгийн Уулбаян суманд байдаг эмээ, өвөө дээрээ очиж, тэнд хүүхэд нас минь өнгөрсөн. 8-р анги хүртлээ сумандаа сурч байгаад 10-н жилээ Сүхбаатар аймагт төгсөөд оюутан болж хотдоо эргэн орж ирсэн. Тухайн үеийн Хөгжим бүжгийн коллежид шалгалт өгөөд мэргэжлийн багш МУГЖ А.Бүтэд багшийнхаа удирдлаган доор төгссөн. Ингэж л анх урлагийн хүн болох зам маань нээгдсэн дээ.

Хүний хүсэл мөрөөдөлд хязгаар гэж байдаггүй юм шиг. Таны амьдрал, уран бүтээлийн зам мөр хүсэл мөрөөдлөөр тань жигүүрлэн ниссээр л байж дээ…

Тийм шүү. Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгадаа 2003-2010 он хүртэл ажиллаж олон сайхан уран бүтээл өлгийдөж авсан. Тэр дундаас Л.Гаваасүрэнгийн үг, Б.Бямбабаярын хөгжим “Хайр гижигдсэн цэргийн бүсгүй” гэж дуугаар минь олон түмэн мэдэх болов уу. Гарсан цагаасаа л олны талархлыг хүлээж, олон мянган хилчин, цэрэг эрсийн сүлд дуу болсон гэхэд хилсдэхгүй.

Таныг УДБЭТ-т урилгаар орж байсан гэж сонссон. Магадгүй энд таны уран бүтээлчийн амьдралын дараагийн 10 жилийн тухай яригдах болов уу?

Би Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад байхдаа сонгодог урлагт өөрийгөө сорьж үзэх шинэ хүсэл мөрөөдөлтэй болсон гэх үү дээ. Гэхдээ мэдээж сонгодог урлаг гэдэг хэн бүхний хүсээд, мөрөөдөөд шууд орчихдог салбар биш. Надад тухайн үед мэргэжлийн дуурийн дуучин гэдэг л ганц давуу тал байсан. Өөртөө итгэж, өөртөө зориг, ташуур өгөөд олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд оролцож, тэндээсээ маш том урам авсан. Амжилттай л оролцсон. Миний хувьд тухайн үед тэмцээн уралдааны шагнал гэхээсээ илүүтэй УДБЭТ-ын гоцлол дуучнаар ажиллах урилга л хамгийн том шагнал байсан. Дуурийн театртаа ороод олон ч дуурийн гол дүрд дуулсан байна. Энэ том айлын босгоор алхаад нэг л мэдэхэд 10-аад жил болжээ. Дуурь гэдэг бол дэлхийн хүн төрлөхтний хамгийн гайхалтай урлаг. Энэ урлагийн гол дүрд дуулж гоцлол дуучин гэж яваагаараа цаг үргэлж бахархдаг.

Олон улсын уралдаан тэмцээнд оролцож байсан амжилтуудаасаа дурьдвал?

Анх 2010 онд ОХУ-ын Ким Базарсадаевын нэрэмжит дуурийн дуулаачдын Олон улсын уралдааны Гран при-г авч байлаа. 2014 онд М.И Глинкийн нэрэмжит Олон улсын 25-р уралдааны дэд тэргүүн байр, 2015 Байкал Олон улсын уралдааны дэд тэргүүн байр, 2010 оноос эхлэн оролцсон хамгийн сүүлийн тэмцээн бол БНХАУ-ын Харбин хотод болсон “International Music Competition HARBIN” Дэлхийн шилдэг Дуурийн Дуучин шалгаруулах Олон улсын *А* зэрэглэлийн уралдаанд дэлхийн дуурийн шилдэг дуучны 4-р байрт орсондоо сэтгэл хангалуун байна.

Дуурийн гоцлол дуучин болоод анхны сонгодог тоглолтоо хийх гэж байгаа юм уу?

Харин тэгж л таараад байна. Ер нь бол дуурийн урлаг гэдэг бүх урлагийн ноён оргил гэдэг шүү дээ. Тэр ч утгаараа энэ урлагийн үнэ цэнэ оршдог болов уу гэж боддог. Нөгөөтэйгүүр дуурийн дуучны ажил маш хүнд. Асар их энерги, хөдөлдөр зарцуулдаг урлаг. Хэдэн сараар бэлдэж байж нэг дуурьт дуулах жишээтэй. Тиймээс нэг бүтэн тоглолт хийхийн тулд хичнээн бэлтгэл, сургуулилалт, цаг хугацаа зарцуулах нь тодорхой байгаа биз. Гэхдээ уг нь хоёр, гурван жилийн өмнө тоглолтоо хийх бодол байсан ч өөрийгөө арай л болоогүй гэж явсаар өнөөдрийг хүрсэн байна. Дуурийн театрын гоцлол дуучин болсноос хойш 10-аад жилийн хөлс, хүч, хөдөлмөр, авъяас чадвараа ард түмэндээ шалгуулж, дүн тавиулах цаг нь ирсэн бололтой.

“Classic night” Тоглолтынхоо талаар жаахан дэлгэрүүлж болох уу?

Тоглолтын маань ерөнхий удирдаачаар ОХУ-ын Красноярскийн ДБТ-ын Ерөнхий удирдаач ОХУ-ын Гавъяат жүжигчин А.П.Чепурной , УДБЭТ-ын Ерөнхий удирдаач МУУГЗ Н.Туулайхүү, УДБЭТ-ын симфони оркестор, УДБЭТ-ын найрал дуучид мөн УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ С.Мөнгөнцэцэг маань хамтран дуулахаар бэлтгэж байна. Би тоглолтоо маш эрч хүчтэй, ассан, дүрэлзсэн байлгахын тулд дуулагдах бүтээлүүдээ ч маш сайн бодож байж сонгосон. Дэлхийн болон монголын сонгодог сор болсон бүтээлүүд эгшиглэх болно.

Таны хувьд бэлтгэл хэр хангагдаж байна вэ?

Тоглолт маань болоход хэдхэн хоног үлдсэн байна. Бэлтгэл ерөнхийдөө жигдэрсэн. Би 11 сард тоглолтоо хийнэ гээд 10 сард нь бэлтгэлдээ орсон биш. Аль хэдэн жилийн өмнөөс өөрийгөө бэлдэж байсан учраас тэр тал дээр боломжийн болов уу гэж бодож байна.

Гэхдээ дуучин хүн дуулахын өмнө хоолойн бэлтгэлээс гадна сэтгэл санаагаа бэлдэх хэрэгтэй байдаг болов уу? Дуурийн дуучдыг харахаар тайзан дээр их сэтгэлийн хөдлөл, эмоци гаргадаг юм шиг санагддаг…

Яг үнэн. Хоолойн бэлтгэлээс гадна сэтгэл санааны бэлтгэл маш чухал байдаг. Энэ зөвхөн дуурийн дуучдын хувьд ч биш бүх л урлагийнхан тийм байдаг болов уу. Сэтгэл хөдлөл байх хэрэгтэй. Сайхан зүйл мэдэрч байж илүү гоё дуулна. Тиймээс сэтгэл санаа, оюун бодол гээд өөрт байгаа бүхнээ тоглолт руугаа төвлөрүүлээд байна.

Нууц биш бол таны уран бүтээлийн дараагийн 10 жилийн төлөвлөгөө, зорилго хаашаа хөтөлж байна вэ?

Би дээр хэлсэн. Энэ 10-аад жилийн хугацаанд олон ч дуурийн гол дүрд дуулж өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлсэн байна. Мөн олон улсын дуурийн дуулаачдын уралдаан, тэмцээнүүдэд амжилттай оролцсоор ирлээ. Одоо харин дэлхийн дуурийн урлагт Монгол гэдэг нэрээ тодоос тод гэрэлтүүлэхийг зорьж байна. Монголын дуурийн урлаг ямар гайхалтай гэдгийг манай зарим нэг уран бүтээлчид дэлхийд мэдрүүлээд явж байгаа. Тэдэнтэйгээ мөр зэрэгцэн дэлхийд Монголынхоо нэрийг, дэлхийд Монгол басс хоолой гэж ийм байдаг юм гэдгийг мэдрүүлэхийг зорилгоо болгож, илүү их хөдөлмөрлөх болно.

Уучлаарай, басс хоолойг манайхан бүдүүн хоолой л гэж ойлгодог. Гол онцлог нь юу вэ?

Хар ухаанаар тэгж ойлгож болно. Хамгийн цар хүрээтэй хоолой гэх үү дээ. манайд басс хоолойгоор дуулдаг дуучин олон бий. Монголчуудын амьдрал ахуй, тал нутагтай холбоотой байх л даа. Уудам талдаа уртын дуугаа аялж, цэлийсэн талаараа салхи исгэрүүлэн давхидаг болохоор хоолойны цар хүрээ өргөжиж, дууч хөвгүүд төрдөг байх.

Ёстой л тийм байх даа. Тэр л дууч хөвгүүдийн тод өнгө болж яваа таныг урлагийн бурхан үргэлж ивээж байх болтугай. Удахгүй болох тоглолтод нь амжилт хүсье.

Та бүхэнд маш их баярлалаа. Дуурийн урлагт хайртай, дуртай бүх Монгол түмнээ 11-р сарын 8-нд болох тоглолтондоо урьж байна.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *