Жолооч эмэгтэй машинаас нь гарч байсан эвгүй үнэрийн шалтгааныг олжээ

АНУ-ын Питтсбургийн иргэн Холли Персик машинаас нь эвгүй үнэр, хачин чимээ гараад байгааг анзаарч нөхөртөө ханджээ. Түүний нөхөр нь “машиныхаа хамрыг сөхөөд үз” хэмээн зөвлөсөн аж. Бүсгүй машиныхаа хамрыг сөхөж үзтэл 200 гаруй самар, их хэмжээний өвс олов.

Хэргийн учир нь юу байсан бэ гэвэл, хоёр хэрэм өвлийг давах өнтэй сайхан үүр олж авлаа гэж бодоод Холлигийн машины хамар дотор ичээгээ зассан байх нь. Холлигийн нөхөр Крис “Эхнэр маань надруу залгаад машин нь хачин чимээ гаргаад, шатаж байгаа юм шиг үнэр үнэртээд байгаа тухай хэлэхээр нь би хамраа сөхөж үзэхийг зөвлөсөн. Харин удалгүй тэр надад дээрх зургийг илгээсэн.

Бид хоёр түүний машины бараг бүтэн цагийн турш цэвэрлэсэн. Самарууд сэнсний хажууд, батерейн доор гээд хаа сайгүй байсан. Хөдөлгүүрийн хажууд байсан самар бүр үнс болчихсон байсан” хэмээн ярьжээ. Холли хамгийг сүүлд машиныхаа хамрыг сарын өмнө л сөхөж харсан гэнэ. Мөн тус нутагт самар унаж эхлээд долоо л хонож байгаа гэнэ.