Иргэн Б.Болороо: Нөхрийнхөө амиа алдсан хэргийг үнэн зөв шийдүүлэхийн тулд суулт зарлаж байна

Иргэн Б.Болороогийн нөхөр ажил үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан. Өнгөрсөн долоодугаар сард болсон энэ хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд түүний нөхрийг ажил үүргээ гүйцэтгэж байхдаа согтуу байсан гэх дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй буйгаа тэрбээр илэрхийлсэн юм. Тэрбээр нөхрийнхөө амиа алдсан хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхэд иргэдийн дэмжлэгийг хүсэж гарын үсэг цуглуулж буй юм. Төв талбайгаар явсан иргэд түүнийг дэмжиж, гарын үсгээ зурсаар, цахим орчинд ч иргэд түүнийг дэмжихээ илэрхийлсээр байна.

Иргэн Б.Болороо ээжийнхээ хамт аравдугаар сарын 28-ны өдөр энэ хэргийн талаар мэдээлэл өгч, хууль хяналтынхаа бусдын нөлөөнд автаж буй талаар мэдээлээд, гурван шаардлага хүргүүлсэн юм. Шаардлагад:

1-рт, Шүүх эмнэлгийн дүгнэлтийг гадаадын улсад дахин гаргуулах

2-рт, Хэргийн Нийслэлийн цагдаагийн хэлтэс рүү татан мөрдөн шалгах ажиллагааг шинээр эхлэх

3-рт, Үйлдвэрлэлийн осол эсэхийг дахин хянуулахаар Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлэх шаардлага тавьсан.

Миний нөхөр долоодугаар сарын 8-нд нас барсан байдалтай олдсон. Тэр үеэс эхлэн аравдугаар сарын 18-ныг хүртэл хэрэг шалгах ажиллгаанд итгэж, гаднын нөлөөгүйгээр ажил үүргээ гүйцэтгэж боломжийг олгож чимээгүй явсан. Тэгж хүлээж сууснаар миний нөхрийг ажлын байрандаа архидан согтуурсан гэх хуурамч дүгнэлтийг гаргах нөхцөлийг бүрдүүллээ. Миний нөхөр таван жил намайг хайрласан. Хүний эдлэх ёстой хайр халамж бүхнийг надад мэдрүүлснийх нь хариуд миний нөхөр архичин байгаагүй гэдгийг нотолж, нэр төрийг нь цэвэр авмаар байна. Миний нөхөр архи уудаггүй байсныг гэрчлэх хүн олон бий. Цагдаа нь хүртэл миний нөхрийн үхлийн шалтгааныг зөвхөн архи уусантай холбон цуглуулж байгаатай би яагаад ч эвлэрэхгүй.

Тэр компанийнхан ч миний нөхөр архи уудаггүй байсан, цахилгаан шат засуулдаг байснаа хүлээн зөвшөөрсөн. Миний нөхөр лифтчин биш, хамгаалагч хийж байсан. Ажил үүрэгт нь байхгүй ажлыг хийсэн гэв.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *