Цахим луйвар хийсэн байж болзошгүй хятадуудын нэг толгойлогчийг Замын-Үүдийн боомтоор зугтахаас нь өмнө баривчилжээ

Цахим луйвар хийсэн байж болзошгүй БНХАУ-ын 759 иргэнийг нутаг буцаагаад буй. Тэгвэл эдгээр хятад иргэний толгойлогч, зохион байгуулагч, хөрөнгө оруулагч байж болзошгүй 10 орчим хүнийг Монголд үлдээн хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байна. Толгойлогчийн заримыг Шангри-Ла зочид буудлаас саатуулсан бол нэг нь “Гурван гал” худалдааны төв орчим дахь орон сууцнаасаа оргон зайлсан байсныг Замын-Үүдээс баривчилжээ.

700 гаруй иргэнийг саатуулах үйл ажиллагаа өнгөрсөн сарын 29-30-нд шилжих шөнө хийгдсэн бол Замын-Үүд рүү оргон зайлсан хүнийг аравдугаар сарын 30-ны 19:00 цагт саатуулсан байна. Монголд үлдээн шалгаж буй 10 орчим хүний гурав нь Монгол Улсын иргэн байгааг эх сурвалжууд мэдээллээ.

Уг тусгай ажиллагааны хүрээнд нутаг буцсан хятадуудын өндөр хүчин чадал бүхий 1,000 орчим компьютер, ухаалаг гар утас, 10 мянга гаруй үүрэн холбооны дата сим картууд, онц их хэмжээний бэлэн валют, тансаг зэрэглэлийн автомашинуудыг хураан аваад байгааг холбогдох албаныхан мэдээлсэн билээ.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *