Аз аз, бурзай бурзай, азтан шалгаруулна гэх хуурамч зарын ӨГӨӨШ болохоо больё

Могойн зураг, мөнгөний модны зургийг нүүр номондоо түгээн, “аз аз”, “бурзай бурзай” хэмээн орлогын үүдээ нээдэг хүмүүс олширч байсан цаг саяхан. Тэгвэл хүмүүсийн гэнэн итгэмтгий байдлаар азын тэнгэрээ дуудах “соёл”-ыг айхтар нэгэн нь бизнестээ өгөөш болгон ашиглаж байна.

Азын тэнгэрт сүсэглэх явдал “Ub palace”-ийг дүүргэн, түрүйвчээ даллах хүмүүсээс эхлэлтэй биш. Монгол хүний уугуул зан чанартай уялдаатай гэмээр. Төр засаг маань хүртэл аз нь шовойсон хүүхдэд л цэцэрлэгийн боловсрол эзэмших эрх олгодог. Азгүй нь тэгээд арын хаалгаар орно уу, аль эсвэл цэцэрлэггүй үлдэх үү. Падлий алга…

Аз гэх үгийг Монгол хэлний тайлбар тольд “сэтгэл гүн ханамжтай, баяр баясгалантай байх, сайн тохиолдол, зол завшаан” хэмээн тайлбарлажээ.

ИТГЭЛ, НАЙДВАР, ХҮЛЭЭЛТ, АЗГҮЙДЭЭ ГОМОРХОХ ГУНИРХАЛ

НӨАТ-ын баримтаас л азтан болчихвол гэж бодон дотроо баясан, догдолно. Даанч энэ тохиол таарахгүй байх үед “За яах вэ дараагийн удаа” гэж найдвар өвөрлөнө. Өнөө цагийн өнгө ерөөсөө л азтан болох итгэл найдвар, хүлээлт, азгүйдээ гомдох гунирхал гэлтэй.

Монгол Улсад интернет хэрэглэгчдийн тоо сүүлийн таван жилд 4.5 дахин өсөж, 2 сая 910 мянгад хүрчээ. Мөн манай улс нийт хүн амд эзлэх фэйсбүүк хэрэглэгчдийн хувиар Азид нэгдүгээрт, дэлхийд аравдугаар байранд бичигддэг. Нэг үзүүлэлтээр ч гэсэн дэлхийн тавцанд тэргүүн эгнээнд жагсаж буй нь сайшаалтай.

Бас нэг сонирхолтой баримт дурдахад олон улсын хэмжээнд өдөрт фэйсбүүк ашиглах дундаж хугацаа 53 минут байдаг бол Монголд 77 минут байна.

ҮНЭГҮЙ БЯСЛАГТ ДУРЛАГСАД

Үнэгүй бяслаг зөвхөн хавханд л байдаг гэх үг бий. Харин цахим ертөнцөд байр, машин, будаг шунхнаас эхлээд үнэ төлбөргүйгээр бараа бүтээгдэхүүнээ өгөх сонирхолтой “өгөөмөр” хүмүүс даанч олон аж. “Та азтан болох маш амархан, манай пэйжид лайк дараад, гурван найзаа коммент хэсэгт меншион хий” гэх өгүүлбэр танд танил сонсогдож байна уу?

П.Досмаа “Хуурамч мэдээлэл, хүлээн авагчдын хандлага” сэдэвт судалгааны ажлынхаа хүрээнд 15 хуурамч мэдээллийг дүгнэжээ. Үүний 80 хувь нь санаатай тараасан, хуурамч мэдээлэл байсан аж. Жишээ нь “2018 оны гуравдугаар сарын 19-нд “Баянмонгол хороолол” нэртэй фэйсбүүк хуудаснаас 65.6мкв талбайтай хоёр өрөө байр азтандаа бэлэглэнэ” хэмээн лайк, шейр хийх уралдаан зарласан байна. Нийт 10 мянга 400 лайк, 14 мянга 972 шейр, 12 мянга 800 сэтгэгдэл авчээ.

Түүнчлэн “Монгол хит” гэх фэйсбүүк хаягаас боодолтой мөнгөний зургийг “Таван секундын дотор түгээвэл 24 цагийн дотор мөнгөтэй болно” гэсэн нь 37 мянга 600 шэйр авчээ. Энэ мэт аргаар цахим орчинд хувь хүний хаягаас хандалт авч лайк, шэйр цуглуулдаг.

ХАНДАЛТ АВАХЫН ТӨЛӨӨХ ЭНЭ УЛАЙРЛЫН АРД ЮУ НУУГДДАГ ВЭ?

Хандалтаа ихэсгэх элдэв арга хэрэглэн, уралдаан зарлаж буй нь ихэнхдээ таныг “өгөөш” болгон ашиглах заль юм. Фэйсбүүкт “Пэйж зарна, пэйж худалдаа” гэсэн группууд, аккаунтууд. Бид энэ төрлийн хэд хэдэн групп руу орж, үнэ судлав. Энд нэг мянгаас эхлээд зуун мянга гаран лайк, дагагчтай фэйсбүүкийн пэйж, групп, твиттер, инстаграммын аккаунтуудын худалдаа өрнөх аж.

Фэйсбүүк пэйж худалдах үнэ:

50 мянган лайктай 2 сая 500 мянга,

70 мянган лайктай 3 сая 800 мянга,

105 мянган гишүүнтэй групп 2 сая төгрөг гэх мэт үнэтэй байна.

Та бүхнээс хандалт авахын тулд “аз аз”, “бурзай бурзай”, “азтан шалгаруулна” гэх зэргээр итгэл төрүүлж, шунал хөдөлгөн, сонирхлыг тань “мааждаг”. Хэн мөнгөтэй нь хэдэн зуун мянган дагагчтай пэйжээс хэдийг ч худалдаж авах боломжтой аж. Жишээлбэл таны фэйсбүүк хуудаснаа дагадаг “Сонирхолтой бичлэг, кино” гэх пэйж тун удахгүй “УИХ-д нэр дэвшигч Д.Дорж” болон нэрээ солино гэсэн үг. Ингээд зарагдсан пэйжийн дагагчдад өнөө Д.Доржийн сонгуулийн сурталчилгааны мэдээлэл очно гэсэн үг.

Эцэст нь хэлэхэд ТА азанд найдан, хэнэггүй хандаж, хэн нэгний пэйж, группын наймааг цаг заваа үрэн дэмжсээр л байх уу?

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *