Гурван настай охиныг индүүдэж шийтгэсэн гэв үү

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Глобал Монтессори” цэцэрлэгийн багш хүхдийн гарыг түлж шийтгэсэн байж магадгүй байна. Энэ та­лаар иргэн Д.Батцэцэг өөрийн фэйсбүүк хуудаснаа оруулсан байна.

Тэрбээр бичихдээ “Миний зээ охин “Глобал Монтессори” цэцэрлэгт явдаг юм. Гэтэл арваннэгдүгээр сарын 05­-ны өдөр гурван настай хүүхдийг унтаагүй гэх шалтгаанаар индүүний өрөөнд оруулан гарыг нь түлсэн байна. Арай хатуу шийтгэл биз. Улсын цэцэрлэгт орон тоо байхгүй, хувийн цэцэрлэг нь өндөр төлбөртэй ч ийм эрсдэл дагуулж буйд харамсаж байна” гэж бичжээ.

Тэгвэл энэ талаар “Глобал Монтессори” цэцэрлэгээс тайлбар хийхдээ “Энэ үйлдэл санаатай биш. Тухайн айлын хоёр аутимзтай хүүхэд манай цэцэрлэгт явдаг. Өдөр хүүхдүүд унтах цагаар түлэгдсэн хүүхэд унтаагүй юм билээ. Улмаар унтаж байгаа хүүхдүүдийг сэрээж магадгүй гэж бодоод туслах багш угаалгын өрөө рүү дагуулан орсон. Багш дэрний уут индүүдэж байх хооронд хүүхэд индүүнд гараа түлсэн байсан. Болсон явдал нь энэ. Харин дээрх түлэгдсэн хүүхдийн аав, ээж нь хувьдаа цэцэрлэгтээ атлаа хүүхдээ манайд өгдөг.

Биднээс АНУ, мөн БНСУ­д явж эмчлүүлэх зардлын мөнгө нэхэхэд нь боломжгүй гэдгээ хэлсэн. Энэ үгний хариуд сошиалаар хүүхдийн гарыг санаатайгаар түлсэн мэтээр мэдээлэл цацаж байна. Болсон үйл явдлын камерт бичсэн бичлэгийг аав, ээжид нь өгсөн” гэж мэдэгджээ. Хоёр талаас харилцан ийм мэдээлэл хийсэн. Тэгвэл санаатай ч бай, санаандгүй ч бай эцсийн дүнд цэцэрлэг буруугаа хүлээж, уучлал гуйх ёс зүйтэй байх ёстой. Шаардлагатай бол эмчилгээний зардлын тодорхой хувийг тэд төлөх үүрэгтэй.

Учир нь, хүүхэд цэцэрлэгийн босгоор давсан бол 100 хувь тэдний хараа хяналт, хариуцлага дор хүмүүжих учиртай. Мөнгөний хойноос улайрч, хариуцлагаас мултрах оролдлого хийх нь боловсролын байгууллагын хамгийн увайгүй мөн чанар юм. Тиймээс өөрийгөө хамгаалах бус буруугаа хүлээж, гэмших ёс суртахуунтай байгаасай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *