“Чингис хаан” одонгоор The Hu хамтлагийг шагнана

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд улс орныхоо тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнд Монгол Улсын Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг гардуулдаг уламжлал тогтоод байгаа билээ.

Энэ удаагийн “Чингис хаан” одонгийн эзнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд албан ёсоор зарлалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр 2019 арваннэгдүгээр сарын 27-ны өдөр тохиож байгаа. Энэ өдрийг тохиолдуулан “Чингис хаан” одонгоор The Hu хамтлагийг шагнахаар болсон. Энэ хамтлаг нь 11 хүний бүрэлдэхүүнтэй. Хүннү рок урсгалаар уран бүтээлээл туурвидаг” гэлээ.

Шагналын тухайд өмнө нь хувь хүмүүст гардуулдаг байсан бол энэ жил шагнал гардуулах журамд өөрчлөлт оруулан хамтлаг, байгууллагад гардуулах гэж байна. Тиймээс “Чингис хаан” одонг жаазанд хийн хамтлагийн ерөнхий продюсерт гардуулах бөгөөд бусад гишүүдэд жижиг тэмдэг дурсгах болсныг ЕТГ-ын дарга З.Энхболд онцоллоо.

Мөн энэ жилийн улс тунхагласны баяр, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр арваннэгдүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд дараалан тохиож буй. Тиймээс эдгээр өдрүүдийг тохиолдуулан зохион байгуулдаг үндэсний бөхийн барилдааныг нэгтгэн 27-ны өдөр “Буянт Ухаа” спорт цогцолборт явуулахаар болжээ. Хоёр арга хэмжээг нэгтгэсэн учраас уг барилдааны бай шагнал нь ч мөн хоёр дахин өндөр байх аж.