Д.Оюунхорол: Монгол Улс Гэр бүл, хүүхэд, залуучуудын яамтай болох ёстой

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос (НББСШУ-ны Байнгын хороо) өнөөдөр “Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, өрхийн орлогыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг сургалтыг зохион байгууллаа.

Монгол Улсад 900 мянга орчим өрх байгаагийн 72 мянга нь өрх толгойлсон ээжүүд, 20 мянган өрх нь өрх толгойлсон аавууд гэх статистик тоо баримт бий.

“Өрх толгойлсон ээжүүд залуужих хандлагатай байгаа нь сэтгэл түгшээж байна”

УИХ-ын гишүүн, НББСШУ-ны БХ-ны дарга Д.Оюунхорол “Дэлхийн олон улсад хүүхдийн өмчлөх эрхийг баталгаажуулснаар гэр бүлийн тогтвортой байдлыг хангах бололцоо бүрддэг гэж үздэг. Харин манайд дундын өмчлөлд бий болсон хөрөнгийг салахдаа эцэг нь авчихдаг тохиолдол элбэг.

Тийм ч учраас дундын өмчлөлд бий болж буй хөрөнгийг үр хүүхдэд нь тэнцүү хувааж өгдөг байхаар Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг би 2010 онд санаачилсан. Харамсалтай ч одоог хүртэл батлуулж чадаагүй байна. Гэхдээ УИХ-д Гэр бүлийн тухай хууль өргөн баригдсан байгаа учраас хүүхдийн өмчлөх эрхийг баталгаажуулах заалтыг оруулж өгнө гэж бодож байна.

Гэр бүл төлөвлөхдөө үр хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээж байна гэх ухамсар, төлөвшил, хандлагыг бий болгох нь маш чухал. Мөн Гэр бүлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулиар өрх толгойлсон эмэгтэйчүүд гэх тусгайлсан бүлгийг бий болгож, тэдний нийгмийн салбараас авах үйлчилгээний төрлүүдийг албажуулах шийдвэр гаргах ёстой гэж харж байна.

Бид өнөөдөр энэ мэт олон асуудлаар өрх толгойлсон эмэгтэйчүүдийн төлөөллийн саналыг сонсож асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг хайх зорилгоор энэ хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болсон. Өрх толгойлсон ээжүүд залуужих хандлагатай байгаа нь сэтгэл түгшээж байна. Цаашид Монгол Улс Гэр бүл, хүүхэд, залуучуудын яамтай болох ёстой.

Өнөөдөр зүгээр л агентлагийн түвшинд явуулж буй бодлого нь үндэсний хэмжээнд болон явж байгаа ч учир дутагдалтай. Тиймээс үүнд илүү санхүүжилт гаргаж, ДНБ-ий өсөлтөө ярихаас илүү ард иргэдийнхээ аз жаргалын индекс ямар байгаа дээр тавьсан шалгуур үзүүлэлтүүдээ хангах шаардлага гарсан байгаа” хэмээн хэлсэн юм.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *