Ирэх онд Приүс эзэмшигч авто зам ашигласны төлбөрт 100 мянган төгрөг төлнө

НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаас авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн баталж, Хотын даргад хэрэгжүүлэх үүрэг чиглэл өглөө.

Автомашин эзэмшигчид моторын багтаамжаас хамааран төлбөр төлөх хэмжээ өөр байх бөгөөд 2000 хүртэл см3 мотортой буюу прүис маркийн автомашин эзэмшигч 2019 онд авто зам ашигласны төлбөрт 20 мянган төгрөг төлж байсан бол ирэх онд тав дахин нэмэгдэж 100 мянган төгрөг төлөхөөр боллоо.

Харин 3001-4000 см3 мотортой автомашинтай иргэд 40 мянган төгрөг төлдөг байсан бол 250 мянган төгрөг төлдөг болох юм. Нийслэлийн авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг нэмэгдүүлснээр нийслэлийн төсөвт 50 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэх бололцоотой. Энэ нь эргээд бидний зорчиж байгаа замыг засахад зарцуулагдах аж.

“Авто замыг хэн ашиглаж байна, тэр хүн төлбөрөө төлөх ёстой. Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг авч үзэхэд бид нэг жилийн хугацаанд 10 мянган төгрөг төлдөг хэрнээ эргээд төрөөсөө сайн авто зам нэхэх боломжгүй.

Авто замын засвар үйлчилгээ болон цэвэрлэх хөрөнгийн асуудал ч хөндөгдөж байна. Машины байгаль орчинд үзүүлж буй нөлөө, моторын багтаамжаас хамаарч төлбөр ногдох юм. Сард хувааж үзвэл хүн сард 8300 төгрөг төлдөг энэ нь хүн сард 8300, өдөрт 270 төгрөг төлдөг гэсэн үг. Энэ мөнгөөр авто зам засварлана гэж байхгүй.

Нийтийн тээврийг 50 хувийг бүрэн шинэчлэхээр төлөвлөсөн. Сүүлийн арав гаруй жил манайд шинэ автобус нэмэгдээгүй. Тиймээс иргэддээ нийтийн тээврийг хэрэглэх боломж олгохоор 500 автобус нэмнэ. Монгол Улсын болон Нийслэлийн төсвөөс 500 автобус авах юм” хэмээн НИТХ-ын тэргүүлэгч Ж.Батбаясгалан хэлсэн юм.

Авто зам ашигласны нэмэгдэл төлбөрийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс авч эхэлнэ. Тухайн автомашины хөдөлгүүрийнх нь багтаамжаас хамаараад төлбөрийн хэмжээ өөр өөр байна.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *