Хотын төвөөр зорилгогүй зугаалдаг жолооч нарыг шийтгэнэ

Улаанбаатарын авто замын түгжрэл хэрээс хэтрээд удаж буй. Нийтийн тээвэр, хувийн тээврийн хэрэгслээр зорчсон ч ялгаагүй аль ч зам түгжээтэй. Замын голд дунджаар 2-3 цагийг үр ашиггүй өнгөрүүлж буй юм.

Өдгөө 1.6 сая гаруй хүн амтай дэлхийн хэмжээний метрополис хотод амьдарч буй хүн бүр өдөрт ямар нэгэн байдлаар замын хөдөлгөөнд оролцдог байна. Судалгаагаар өдөрт дунджаар 420 мянга гаруй автомашин замын хөдөлгөөнд идэвхтэй оролцдог гэх дүн мэдээ бий. Харин замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн 30 хувь нь ямар нэгэн зорилгогүйгээр ачаалал үүсгэдэг байна.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан өнгөрсөн долоон жилийн тоон өсөлтийн дунджаар баримжаалж 2025 он хүртэлх хэтийн төлвийг тооцоход, хүн ам жилд дунджаар 30 мянгаар нэмэгдэх бол тээврийн хэрэгсэл нь дагаад 27.5 мянгаар өсөх тооцоо гарчээ. Ийм нөхцөлд дагуул хот байгуулах, төр захиргааны байгууллага, их, дээд сургуулийг хотоос гаргах, метротой болох зэрэг түгжрэлийг бууруулах урт хугацааны төлөвлөлтийн хажуугаар ойрын хугацаанд юу хийх вэ гэдгээ бодож, шийдэл олохоос өөр аргагүй.

Уг нь замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулахын тулд нийслэлийн авто замыг А, B, С гэсэн гурван бүсэд хуваах зохицуулалтыг өнгөрсөн наймдугаар сараас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ч иргэдийн 65 хувь нь эсэргүүцсэнээр амжилтгүй болсон юм. Хэрэв энэ бүсчлэлийг хэрэгжүүлсэн бол замын түгжрэлийг 30 хувиар бууруулж болох байв. Нөгөөтэйгүүр замын түгжрэлийг зохиомлоор үүсгэж буй асуудал нь зогсоол.

Таван алхмын газарт аль нэг албан газраар орж ажил төрөл хөөцөлдөхдөө, дэлгүүр орохдоо заавал гадна нь машинаа байрлуулах зогсоол хайж хэд дахин эргэлдэж, түгжрэл үүсгэдэг зан бидэнд л бий. Тиймдээ ч зогсоол хайж хэдэнтээ гороолдог, түгжрэлийг зохиомлоор үүсгэдэг энэ асуудлыг удахгүй шийдвэрлэх нь. Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Замын хөдөлгөөн төлөвлөлт инженерчлэлийн газар хамтран 2020 онд хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр болсон байна.

Энэ талаар Замын хөдөлгөөн төлөвлөлт инженерчлэлийн газрын мэдээлснээр дөрвөн захад машины том зогсоолыг бий болгох юм байна. Хөдөлгөөнд оролцож буй жолооч нар өөрийн машинаараа хотын төв рүү орж ирэх шаардлагагүй, зогсоолд машинаа байршуулж нийтийн тээврээр зорчих гэнэ. Ингэснээр түгжрэл тодорхой хэмжээгээр буурна гэж холбогдох албаны хүмүүс үзэж буй юм байна.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *