УИХ-ын гишүүн Э. Бат-Амгалан Шар хоолойн чиглэлийн 4.7 км замын ажлын явцтай танилцлаа

УИХ-ын гишүүн Э. Бат-Амгалан өнгөрөгч амралтын өдрүүдэд Баянзүрх дүүргийн 20-р хороонд ажиллалаа. Тэрбээр 20-р хорооны ард иргэдтэй уулзаж, оршин суугчид болон аж ахуйн нэгжүүдээс тавьсан санал хүсэлт, гомдлын дагуу газар дээр нь ажиллаж, шат дараалсан арга хэмжээ авч ажиллахаа илэрхийлэв.

Тус хороонд Улсын төсвийн хөрөнгө оруулалт 4.8 тэрбум төгрөгөөр Шар хоолойн чиглэлд 4.7 км авто замын ажил явагдаж байгаа юм. Замын гүйцэтгэл гэрээний дагуу явагдаж байгаа хэдий ч иргэд зөвшөөрөлгүй хашаагаа өргөтгөж, зураг төсөвт орсон газрыг чөлөөлж өгөхгүй байгаагаас замын явц удааширчээ.

Тиймээс тэрбээр уг хүндрэлийг арилгаж, замыг хугацаанд нь ашиглалтад оруулах талаар иргэдтэй зөвшилцөж, тэдний санал бодлыг сонслоо. Мөн холбогдох албаныхан УИХ-ын гишүүн Э. Бат-Амгалантай хамт газар дээр нь ажиллаж, нэгдсэн ойлголтод хүрсэн байна. Энэхүү зам төлөвлөгөөний дагуу 2020 оны 10-р сарын 30-нд бүрэн ашиглалтанд орох аж.