Ээжүүдэд тулгардаг 100 асуудал: Хүн алдья гэж алддаггүйтэй адил бүсгүй хүн ч салья гэж салдаггүй юм

“Ээжүүдэд тулгардаг 100 асуудал” контентыг маань үзсэн олон ээжүүд бидэнд хандсаар байна. Энэ дунд өөрт тулгамдсан асуудлаа ил болгохыг хүсэж байгаа нь ч нэлээдгүй байгаа билээ. Түүнийг харж, уншиж буй надад “Үнэхээр л ээжүүдэд 100 байтугай их асуудал тохиолддог юм байна” гэх бодрол төрөв. Эхний дугаарыг маань үзсэн нэгэн ээж өөрийнхөө сэтгэгдлийг ийнхүү сийрүүлжээ. Та бүхэн ч гэсэн манай контентыг үзээд сэтгэгдлээ үлдээгээрэй. Мөн дараа дараагийн дугааруудыг цаг алдалгүй үзэхийг хүсвэл Youtube Channel-д маань Subscribe дарахаа мартуузай.

Гурван хүүхэдтэй, өрх толгойлсон ээжийн сэтгэгдэл:

“Ээжүүдэд тулгардаг 100 асуудал” сошиал контентын анхны дугаарыг үзээд сэтгэлд тун ойр санагдаж, нулимс дуслуулаад ч авлаа. Дараагийн дугаарыг чинь гарахыг ч бас тэсэн хүлээж байгаа шүү. Нээрээ л ээжүүдэд зуу ч гэлтгүй мянга мянган асуудал тулгардаг шүү дээ. Ачааны тэмээ шиг амьдралын хүнд хүчир бүхнийг ээжүүд л нуруун дээр үүрч байгаа нь нууц биш. Нийгэм ч үүнтэй санал нэгдэж “Ийм л байх ёстой” мэтээр хүлцэнгүй хүлээж авах болж. Угтаа бол Монголын ирээдүй, үр хойчийг өсгөн хүмүүжүүлж байгаа ээжүүд зовох биш жаргах ёстой. Тэд уйлж биш инээж амьдарч, үр хүүхдээ хайраар дүүрэн өсгөх эрхтэй юм.

Гэвч нийгмийн хандлага, төр засгийн тогтолцооноос хамаарч олон ээжүүд энэхүү эрхээ эдэлж чадахгүй байна. Эрх гэж ярьж байгаагийн учир нь өнөөдөр Монголын нийгэмд нэг нэгнийхээ эрхийг зөрчсөн харилцаа асар их байна. Үүнд гэр бүлийн харилцаа ч орно. Гэр бүлийн гишүүн бүр өөр өөрийн хуульд заагдсан эрхээ эдлэх эрхтэй. Тэр гэрт Доржийн эсвэл Дулмаагийн, хадмын хууль цааз үйлчлэх ёсгүй.

Анхны дугаарын зочны үг бүр цаанаа гунигийг тээсэн мэт санагдав. Эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэдгээрээ тэр ээж юуг туулсан болон тэвчсэнээ товч бөгөөд тодорхой илэрхийлж амжжээ. Яг л миний туулсан замтай жим нэг мэт.

Үр хүүхдээ ганцаараа өсгөж яваа ээжүүдийг бонустай хэмээн цоллох болсон. Би өөрөө тэгэхээр гурвын гурван бонустай ээж л дээ. Энийг ч эхний дугаар дээрээ хөнгөхөн хэрнээ ёжлоод ч юм шиг өнгөрсөн ч бонустай гэж хэлүүлэх ямар байдгыг зөвхөн тэр эмэгтэй, би, бид хоёртой адил ээжүүд л ойлгоно. Хүний алаг үр, амьдралын үр үндсийг “бонус” гэж нэрийдэх нь зохисгүй. Үүн дээр ч залуус маань нэгийг бодож хоёрыг тунгаана биз. Хүн алдья гэж алддаггүйтэй адил бүсгүй хүн ч гэсэн салья гэсэндээ салдаггүй юм. Хамгийн зөв зам нь тэр зам байсан болохоор ээжүүд салах шийдвэрийг гаргадаг. Өөр олон зүйл нуршилгүйгээр танд үзэх линкийг нь холбож өгье. Үзсэн нь үзэж амжаагүй нэгэндээ түгээнэ биз.

Миний хувьд дараагийн дугаар дээр нь ямар асуудлыг хөндөх бол гээд хүлээгээд л сууна. Өмнө нь ээжүүдэд зориулсан асуудлыг хөндсөн, шийдлийг хайсан, зөвлөсөн цуврал контент үзэж байсангүй. Зоригтойгоор энэ сэдвийг барьж авч чадсан санаачлагч болон баг хамт олонд нь амжилт хүсье.

Эцэст нь хэлэхэд ээжүүдээ, та нар бол сахиусан тэнгэр юм шүү.