БЗД-ийн МАН-ын хороо нийт ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын хороо дүүргийнхээ ахмадуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг өнөөдөр Соёлын төв өргөөнд зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн, БЗД-ийн Монгол ардын намын хорооны дарга Э.Бат-Амгалан, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар,УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нар оролцож Баянзүрх дүүргийн 28 хорооны 1325 ахмадад хүндэтгэл үзүүллээ.

Тус арга хэмжээг нээсэн УИХ-ын гишүүн, Баянзүрх дүүргийн Монгол ардын намын хорооны дарга Э.Бат-Амгалангийн ахмадууддаа хандаж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр,

“Нийт хүрэлцэн ирсэн ахмадууддаа энэ өдрийн мэндийг хүргэхийн ялдамд давхар ахмадын баярын мэндийг дэвшүүлж байна.

2020 оны Улсын их хурлын сонгуулиар Баянзүрх дүүрэг тэр дундаа тус дүүргийн МАН УИХ-д түхэндээ анх удаа таван гишүүнтэй буюу 100 хувийн ялалт байгуулсан. Энэ ялалтад энд хүрэлцэн ирсэн ахмадууд та бүгдийн минь оролцоо, хичээл зүтгэл томоохон хувь нэмэр оруулсан юм шүү гэдгийг дахин хэлж баярласнаа илэрхийлж байна.

Удахгүй орон нутгийн сонгууль болох гэж байна. Тиймээс Баянзүрх дүүргийн хувьд нийслэл болоод эл дүүрэгтээ олон жил ажиллаж, амьдарсан шижигнэсэн залуучуудаа эл сонгуульд сойж байгаа. Тиймээс Баянзүрх дүүргийн МАН –ын хорооны даргын хувиас ахмадууд та бүгдээсээ эдгээр залуусыг маань дэмжээд өгөөрэй хэмээн хүсэж байна. Энэ 2020 оны Орон нутгийн сонгууль бол та бидний өдөр тутмын амьдралын асуудлуудыг шийдвэрлэж байдаг учраас МАН –ыг багаар нь дэмжиж ирэх дөрвөн жилд бүрэн хариуцлагыг нь тооцож ажиллахыг та бүхнээсээ мөн хүсэж байна.

Өнөөдөр УИХ-ын анхдугаар чуулган эхэлсэнээс хойш гурван сар өнгөрсөн байна. Энэ хугацаанд чамгүй олон ажлыг хийсэн байна, хийж байна. Амьдрах орчныг сайжруулах гэдэг хамгийн том асуудал. Тийм учраас хороон дээрээсээ эхлэн тухайн орчноо сайжруулах, тэр дундаа Дарь эх, Гачуурт чиглэлээс УИХ-ын гишүүдтэйгээ хамтраад зам, гэрэлтүүлгийн асуудлуудаас эхлүүлээд маш олон ажлуудыг санаачилж ирэх оны төсөвт оруулахаар ажиллаж байгаа.

Гэхдээ өнөөдөр баярын өдөр учраас ажил ярьж нуршилгүйгээр та бүгддээ сайн сайхныг хүсэн ерөөгөөд, Ахмадууд та бүгд минь байгаа учраас үр хүүхдүүд, залуучууд бидний буян заяа өндөрт оршиж сайн сайхан байгаа юм шүү. Та бүгддээ эрүүл энх байж, урт удаан наслахыг хүсэн ерөөе, сайхан баярлаарай”.