100 жилийн ойгоороо жудагтай, журамтай сайхан наадах юм сан

Монголчууд бид эртнээс элдэв маргаангүй сайхан наадаж, эрэмгий хурдан хүлэг, эр чадалт бөх, эрхий мэргэн харваачдаа шалгаруулж, тэднийгээ дээдэлж ирсэн түүхтэй ард түмэн.

Эрт дээр үеэс л дайнд ялах, хурим найр, баяр ёслолоо хийхдээ Эрийн гурван наадмаа хийдэг байж, хийж чаддаг ч байж. Наадам өндөрлөөд ирэх жилийн наадам хол байна даа хэмээн санаа алдан, гэр гэрийн зүг хүлгийн жолоо залж байгаа нь наадам сайхан болсных, бүтэн жилийн ядаргаагаа тайлж, амарч, цэнгэж чадсаных байдаг билээ.

Өөрөөр хэлбэл баяр ёслол, хурал цуглаан ховор тэр үед гагцхүү наадам л ард түмэнд бие сэтгэлийн цэнгэл эдлүүлэх, алжаалыг тайлах хэрэгсэл байжээ. Энэ үүргээ ч нэр төртэй сайн биелүүлж чаддаг байж.

Харин сүүлийн хэдэн жил монголчууд бид наадаж чадахаа байжээ. Хүчит бөхчүүд нь нутаг усаараа талцан, допингтой, допинггүй хэмээн хэдэн жил тойрон маргалдаж, шүүхийн хаалга сахиж, баяр наадмаас хэдхэн хоногийн өмнө барилдана, барилдахгүй гэдэг дээрээ тулна.

Хурдан морины уралдаан ч мөн адил. Сүүлийн жилүүдэд эрлийз, монгол адуу гэж хэрэлдэж маргалдсаар наадам маань наадам биш, зодоон нүдээн болж дуусах нь жирийн үзэгдэл боллоо. Улсын наадмаас эхлээд сумын наадам хүртэл эрлийз, хурлийзын хэрүүл гарахгүй наадам гэж үгүй болсон нь нууц биш. Бүтэн жилийн хөдөлмөрөө үнэлүүлж чадахгүй, хасагдаж байгаа уяач уурлаж бухимдах нь ч зүйн хэрэг. Одоо цагт хуучны кинон дээр гардаг шиг наадмын өмнө морио аван гарч, хэдэн сар хоног уяад уралдуулдаг уяач гэж байхгүй. Бүгд л бүтэн жил арчилж тордон, тэжээж, эдэлж уядаг болсон.

Нэг жилийн хугацаанд маш их хэмжээний хөдөлмөр, багагүй хэмжээний хөрөнгө мөнгө зарж байгаа. Энэ бүх хөдөлмөрийг юуны тулд хийж байна вэ? Улсын наадмаар л сойсон хүлгээ мордуулж, хэр давхихыг нь харан, сэтгэлийн цэнгэл эдлэхийн төлөө шүү дээ. Түрүүлж, айрагдаагүй ч давхиад ирэх морио хараад уярч, баярлах нь уяач хүн. Наадмын хэдхэн хоногт бүтэн жилийн хөдөлмөрөө үнэлүүлээд нэг жилийн алдаа оноогоо дүгнэн, цэгнэн, ирэх жилийнхээ ажилд тэр дороо ханцуй шамлан ордог нь ч уяач. Малчны нөр их хөдөлмөрөөсөө энэ хэдхэн хоногт түр зуур амсхийж, амарч, ахин бүтэн жил ажиллах эрч хүчийг Улсын наадмаасаа л авна. Харин сүүлийн хэдэн жилд наадам эхлэхээс өмнө эрлийз, монгол адууны маргаан эхэлж, гарааны зурхай дээр заамдалцан, баяр наадмын үеэр хараал урсгадаг болсон нь харамсалтай.

Дээр дурдсанчлан наадам өндөрлөөд ирэх жилийн наадам хол байна даа хэмээн санагалзан гэр гэрийн зүг хүлгийн жолоо залж байгаа нь наадам сайхан болсных, бүтэн жилийн ядаргаагаа тайлж, амарч, цэнгэж чадсаных билээ. Харин одоо наадаад харьж байгаа уяачийн сэтгэлд харуусал, бухимдал төрж, заримынх нь бодолд хар хор буцалж, магадгүй хэн нэг нь өс хонзон санаад буцаж байж мэдэх. Сэтгэлийн цэнгэл эдэлж, алжаалаа тайлаад буцах ёстой ард түмний эрүүл мэндийн нэгэн дархлаа энд унаж, монгол хүн төдийгүй Монгол төрийн нэгэн тулга энд хазайж байж болно. Морины уяа, хурдан морины уралдаан гэдэг жирийн нэгэн спортын тэмцээн биш монголчуудын өв соёл, уламжлал, улс орны тусгаар тогтнолын нэгэн баталгаа юм.

Наадаж чадахаа байснаар ард түмний бие сэтгэлийн эрүүл мэнд доройтож, нийгэмд ил болон далд ямар хохирол учруулж байгааг тооцох, эрдэмтэн мэргэд одоогоор алга. Уясан уяач, унасан хүүхдээс гадна наадамчин олон, телевизээр үзэн суугаа сая сая хүн ч стресст орж, нэг наадмын хэрүүл маргаан жил тойрон үргэлжилдэг хэвээр. Ковид-19 цар тахалтай энэ хүнд цаг үед ард түмнийхээ эв нэгдэл, эрүүл мэндийн дархлааг бодсон ч Улсынхаа наадмыг жудагтай, журамтай сайхан зохион байгуулах юм сан.

Коронавирусний халдварын улмаас нэг жил хойшилсон Токиогийн олимпын наадмыг зохион байгуулагч Японы Засгийн газраас 2021 оны Токиогийн олимпын наадам хүн төрөлхтөн ковидийн аюулыг даван туулсны бэлгэ тэмдэг болсон, үнэн шударга өрсөлдөөнтэй сайхан наадам байх болно гэж мэдэгдсэн. Тэгвэл бид ч гэсэн 2021 оны наадмаа цар тахлын дараах шинэ үеийн бэлгэ тэмдэг болгон, сайхан наадацгаая.

Ирэх жил Ардын хувьсгалын 100 жилийн ой. 100 жилд нэг тохиох асар том ой. 100 жилийн ойгоороо жудагтай сайхан наадахын тулд юуны өмнө Үндэсний их баяр наадмын тухай хуулиа шинэчилж, дүрэм, журмаа тодорхой болгох явдал чухал. Энэ хуульд өөрчлөлт оруулах шаардлага тулгараад арваад жил болж байгаа ч одоо болтол маргалдсан хэвээр.

Маргааны гол шалтгаан нь эрлийз, монгол адуу. Өнгөрсөн жилийн баяр наадмын хурдан морины уралдаан ямар их маргаантай болсныг бүгд харсан, үзсэн. Хасагдсан морины тоо уралдсанаасаа хавьгүй олон байлаа. Сэрвээний хэмжээ, үйлдвэрлэг байдлаар нь ялгана гэж маргалдсаар зохион байгуулагчид нь хэмжээгээр тэнцсэнийг нь ч сүүлдээ нүдэн баримжаагаар хасаж байлаа. Ганцхан жишээ авахад 2020 оны наадмын даага насанд 242 бүртгүүлснээс 41 даага уралдаж байлаа. 242 уяачаас 201 нь хасагдаж, 242 хүүхдээс 201 унаач хүүхэд нь уйлж, үлдсэн гэхээр юуных нь ард түмний наадам байх билээ.

Тэгэхээр Үндэсний их баяр наадмын тухай хуульдаа маш хурдан өөрчлөлт хийж батлах шаардлагатай байгаа юм. Ингэснээр уяач нар эртхэн дүрэм журмаа үзээд, танилцаад ирэх жил ямар морь уяхаа ойлгож, мэднэ. Хэн ч наадмаар хасагдах нь ойлгомжтой морио уяж, илүү зардал гаргахгүй. Аргалчих байлгүй гэсэн сэтгэлгээ, гайгүй байлгүй гэсэн монгол зан явахгүй болж, гарах зардал мөнгө хэмнэгдэх юм. Зохион байгуулагчид нь хуулиар заасан тодорхой хувь, чанараа дагаад явчихна. Хэмждэг багажийг нь боловсронгуй болгочихоор хэрүүл маргаан ч гарахгүй. Энэ бол уяач, малчид төдийгүй, хот, хөдөөгийн наадамчин бүхний хүсэл билээ.

Ардын хувьсгалын 100 жилийн ойгоороо жудагтай, журамтай, хэрүүл маргаангүй, сайхан наадчих юм сан даа.