Асгатын мөнгөний ордод “Түмний байр”-ын С.Мөнхбат хөрөнгө оруулалт хийнэ гэв

Баян-Өлгий аймгийн Ногоонуур сумын нутаг, ОХУ-тай хиллэдэг бүсэд орших Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг Засгийн газрын 2019.01.16-ны өдрийн хуралдаанаар Баян-Өлгий “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсэн.

Тодруулбал, УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор 16 ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай шийдвэрийг гаргасан.

Уг тогтоолоор стратегийн ордод хамрагдсан Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж олборлолтын шатны үйл ажиллагааг эхлүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, хөрөнгө оруулагч талтай хамтран ордыг олборлох боломжийг судлах үүргийг “Монголросцветмет” нэгдлээс ийнхүү “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсэн.

АСГАТЫН МӨНГӨНИЙ ОРДЫН НӨӨЦ: 1996 онд тус ордын нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд бүртгүүлснээр 6.4 сая тн хүдэр, 72.6 мянган тн зэс, 2.2 мянган тн мөнгөний нөөцтэй гэж тогтоож байжээ. Нэмэлт хайгуул хийснээр нөөцийн зэрэг нэмэгдэх боломжтой гэж үздэг байна.

Тус ордод АНУ-аас 600 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх санал. хүртэл ирж байв. Тэгвэл тус ордыг “Түмний байр”-ын С.Мөнхбат худалдаж авахаар тохироо хийж байгаа тухай зарим хэвлэл мэдээлжээ.

Ийнхүү улсын мэдлийн, стратегийн ордыг худалдаж авахаар зэхэж буй С.Мөнхбат нь 20 гаруй настайгаасаа эхлэн уул, уурхайн салбарт хүч үзэж өдгөө “томчуудын” тоонд орхуйц хөрөнгөтэй, нөлөөтэй нэгэн болсон аж. Түүнийг уул, уурхайн салбарынхан нь доллар Мөнхөө хэмээн хочилдог бөгөөд үнэтэй, тансаг автомашин, хөөрөг зэрэг эр хүний чимэг болсон эдлэл, хэрэглэлийг төрөл төрлөөр нь сольж аархаж явдаг түүнд стратегийн ордыг өөрийн болгох нь цаг хугацааны л асуудал бололтой.

С.Мөнхбат нь “Түмний байр” гэх төсөл хэрэгжүүлж орон сууцанд хамрагдах боломжгүй айл, өрхүүдэд байр бэлэглэж нэг хэсэгтээ л хэвлэл, цахим орчинд “од” болж явсан бөгөөд уул уурхайн магнат түүнийг олон нийт “Түмний байр” төслөөр нь андахгүй юм байна.